Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9%-иар буурч 204.06 сая тонн болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ. Үүнд эрчим хүчний нүүрс, лигнит, коксжих нүүрс багтаж байна. Ийнхүү Хятад улсын нүүрсний импорт 2011 оноос хойшхи хамгийн бага хэмжээнд хүрлээ. Тус улсын нүүрсний хэрэглээ буурсныг эдийн засгийн өсөлтийн удаашрал, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах бодлого, дотоодын олборлолт илүүдэлтэй байгаа зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Гэхдээ өнгөрсөн сард тус улсын нүүрсний импорт 17.64 сая тонн байсан нь өмнөх оны мөн үеэс 35.19%-иар бага дүн хэдий ч өмнөх сарынхаас 9 орчим хувиар өндөр үзүүлэлт юм байна. Нүүрсний импорт 12 дугаар сард өссөнд өвлийн хүйтэн чангарсан нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ.
Хятадын нүүрсний худалдан авалт ийнхүү огцом танагдсан ч төмрийн хүдэр, зэсийн хүдэр, баяжмалын импорт өмнөх онд нэмэгдсэн дүнтэй гарлаа.
Төмрийн хүдрийн импорт Хятадад өнгөрсөн онд 2.2%-иар өсч 952.7 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд амжилт тогтоолоо. Мөн өмнөх 12 дугаар сард төмрийн хүдрийн импорт 11 дүгээр сарынхаас 17%-иар өсч 96 сая тонн хүрчээ. Импорт өсөхийн сацуу Хятадын ган бүтээгдэхүүний экспорт оны хэмжээнд өмнөх оныхоос 20%-иар өсч 112.4 сая тонн болжээ.
Өнгөрсөн онд Хятадын зэсийн хүдэр,
баяжмалын импорт 2014 оныхоосоо 13%-иар
нэмэгдэж, 13.29 сая тоннд хүрсэн байна.
Б.Төгс