Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн орон Чили зэсийн үнийн бууралтад бэлтгэнэ


Чилийн Засгийн газар энэ онд зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 5600 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Харин он гарсаар зэсийн үнэ 4400 ам.долларын босгоос доош орсон нь зэсийн экспортоор тэргүүлэгч Чили улсад цочроо өгчээ. Чилийн Сангийн сайд Родриго Валдес эдийн засгийн төлөв байдлаа зэсийн зах зээлд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулах шаардлагатай болсныг өчигдөр мэдэгджээ. Зэсийн үнэ тэдний тооцсон шиг өндөр байхааргүй болсныг сайд Родриго хүлээн зөвшөөрлөө. Тус улсын Төв банк энэ онд эдийн засаг нь 2-3%-иар өснө гэж төсөөлж буй.

Чили улсын хувьд эдийн засгаа солонгоруулахаар ажиллаж буй ч зэсээс хэт хамааралтай хэвээр байгаа бөгөөд өмнөх онд нийт экспортын орлогынх нь тал хувийг зэсийнхээс олжээ.

Гэхдээ шинжээчдийн тайлбарлаж буйгаар Чилийн хувьд хэдий зах зээл хүнд байгаа ч зэсээр мөнгө хийх боломжтой хэвээр байгаа ажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдлаар нэг тонн зэс үйлдвэрлэлийн дундаж өртөг нь 3640 ам.доллартай гарчээ. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үйлдвэрлэлийн өртгийн хувьд 67 ам.доллараар багассан амжилттай дүн юм байна.

Монгол улсын тухайд өнгөрсөн онд нийт экспортын орлогын мөн л 50 орчим хувийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлсэн. Энэ онд нэг тонн зэсийн үнийг 5268 ам.доллар байхаар тусгасан нь өчигдрийн байдлаар тонн зэсийн үнэ 4368 доллар буйтай харьцуулахад чамгүй өндөр дүн билээ.


Б.Төгс