Хятадын Төрийн зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт хийсэн хурлаар тус улс гангийн илүүдэл үйлдвэрлэлээ эрчимтэйгээр танах арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, тус улс ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100-150 сая тонноор танахаар шийдвэрлэв. Мөн цаашид гангийн үйлдвэрийн шинэ төсөл дээр тун хатуу хяналт тавьж ажиллах юм байна. 2015 онд Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 2.3%-иар буурч 804 сая тоннд хүрсэн нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурсан үзэгдэл боллоо.
Хятадын хувьд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах томоохон хариуцлагатай нүүр тулгараад байгаагаас гадна эдийн засгийн бүтцээ шинэчлэх бодлоготой нь энэхүү нийлүүлэлт талд шинэчлэлт хийж буй алхам нь бүрэн нийцэж байгаа юм. Гэхдээ гангийн үйлдвэрлэлийг яг аль хэсэгт хэдийд танах тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Хятад улс нь сүүлийн жилүүдэд ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа аль хэдийнэ 90 сая тонноор хасч амжжээ. Гэсэн ч тус улсын гангийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал 300 сая тонноор хэмжигддэг гэсэн тойм тооцоо байдаг.
Хятадын Засгийн газар өнгөрсөн 12 дугаар сард ирэх гурван жилийн хугацаанд нүүрсний төсөлд зөвшөөрөл олгохоо зогсоохоо мөн мэдэгдээд байгаа билээ.
Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох
төмрийн баяжмалын (62%-ийн
агуулгатай) үнэ өнгөрсөн
даваа гаригийн байдлаар Тянжины боомт дээр тонн нь 41.1 ам.долларын үнэтэй
байв.
Б.Төгс