Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав





“Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах  “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог. Ёслолд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Батчулуун болон “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн удирдлагууд оролцсон юм.

2015 онд тус компани ханган нийлүүлэлтийн бодлогодоо үндэсний компаниуд, тэр дундаа Өмнөговь аймгийн компаниудаас худалдан авалт түлхүү хийхийг зорьсон нь бодит биеллээ олжээ. Нийт 989 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласнаас 60% буюу 633 нь үндэсний компани, 10 төгрөг тутмын 8 төгрөгийг дотоодын худалдан авалтад зарцуулсан нь үүний тод жишээ болж байгаа аж.

Мөн Өмнөговь аймгийн компаниудын худалдан авалт 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 66 сая доллар болж, 5 жилийн хугацаанд 130 дахин өссөн байна. Энэ нь Өмнөговь аймгийн төдийгүй Монгол улсын эдийн засагт багагүй дэмжлэг болж байгааг компанийн удирдлагууд онцолж байв.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “2016 он нэн хариуцлагатай жил болно. Монголын хамгийн том далд уурхайг та бид хамтран бүтээн байгуулах болно. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж ханган нийлүүлэгч компаниудтайгаа гүний уурхайн бүтээн байгуулалтад хамтран ажиллахад нэн таатай байна” хэмээн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон нь ханган нийлүүлэгч компаниудад эрч хүч, урам зориг өгсөн юм.

“Эрдэнийн говь” шагналыг 5 номинациар шалгаруулсан. Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр “Эн Би Ай Кэй” ХХК, үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр “Минерал Бэйг” ХХК, нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй шилдэг ханган нийлүүлэгчээр “Мэргэн чадвар” ХХК, Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр “Ханбогд хурд” ХХК хоёр дахь жилдээ дараалан, Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр “Максам эксплосивс” ХХК тус тус шалгарав.