Канадын “Айвенхоу Майнз” компани Конго улсад дээд зэргийн чанартай зэсийн нөөц илрүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Уг илэрц нь тус компанийн хэрэгжүүлж буй зэсийн “Камоа” төслийн лицензийн талбайд 400 км кв хавтгайг эзлэн оршиж байгаа аж.
“Какула” хэмээн нэрийдээд байгаа шинэ талбайд өнгөрсөн 2015 оны сүүлчээр хайгуулын 2 өрмийг суурилуулсан байна. Улмаар DKMC_DD996 цооногийн 13,14 метрийн гүнд 5,26%-ийн зэсийн агуулгатай хүдэр болон 24,16 метрийн гүнд 3,48%-ийн зэсийн агуулгатай хүдрийн дээжийг тус тус илрүүлжээ. Хоёр дахь өрөмдлөгийн DKMC_DD997 цооногт 15,17 метрт 5,33% болоод 18,75 метрийн гүнд 4,64%-ийн зэсийн хүдэр бий болохыг тогтоогоод байна.
“Айвенхоу Майнз”-ийн “Камоа” ордын төслийн хувьд 2008 оноос Хятадын “Zijin Mining” компанитай хамтран хэрэгжүүлж буй. Өнгөрсөн оны 5 дугаар сард Хятадын тал уг төслийн 49,5%-ийг 412 сая ам.доллараар худалдан авах гэрээг “Айвенхоу Майнз” компанитай байгуулсан юм. Камоа орд нь 2,67%-ийн зэсийн агуулга бүхий 739 сая тонн хүдэр, 1.96%-ийн зэсийн агуулга бүхий 227 сая тонн хүдрийн нөөцтэй.
“Zijin Mining” компанийн хувьд алт олборлолтын хэмжээгээр Хятад улсдаа 1 дүгээрт, зэс олборлолтоор 3 дугаарт ордог. Тус компани нь Монгол, Тажик, Өмнөд Солонгос, Орос, Тайланд болон Перуд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй. 2015 оны 3 дугаар сард “Айвенхоу Майнз” компанийн 9,9%-ийг 82 сая ам.доллараар худалдан авсан билээ. “Айвенхоу Майнз” өнөөгийн байдлаар зэсийн Камоа ордоос гадна зэс-цайрын Кипуши болон цагаан алт, алт, зэс, хөнгөн цагааны Платриф ордын 64%-ийг эзэмшиж байна.
Э.Од