Г.Идэр
Аж үйлдвэрийн яам Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 15-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулсан юм. 2016 оныг тус яам “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих” жил болгон зарлаж буй бөгөөд зөвлөгөөний үеэр Аж үйлдвэрийн яам, уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-тэй Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Намхайнямбуугаас тодруулсан юм. Аж үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-тай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны гол зорилго, чиглэл юу вэ?Хоёр тал бодлогын баримт бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн нэгдүгээрт худалдааны асуудал тусгагдлаа. “Эрдэнэт үйлдвэр” жил бүрийн худалдан авалтаа дотоодын үйлдвэрлэл рүү хандуулах гол чиглэл барьж ажиллана. Энэ нь өмнө ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чиглэл. Манай компани Орхон аймгийн орон нутгийн үйлдвэрлэгчид, тэд дундаа үндэсний үйлдвэрлэлээ үргэлж дэмжсээр ирсэн. Дотоодын худалдан авалт жилээс жилд өсч байна. Орхон аймагт дотоодын арав гаруй үйлдвэрлэгч байдаг. Бүгд “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажилладаг.
Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засвар, механикийн заводыг цаашид Монгол улсын уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэр болгох чиглэлээр ажиллана. Энэ тал дээр Аж үйлдвэрийн яам Санамж бичгийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
Гуравдугаарт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын мөрөөдөл нь Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр. Энэ мөрөөдөл биелэх цаг ойртож байна. Мэдээж энэ тал дээр Аж үйлдвэрийн яам анхаарч ажиллах байх.
Санамж бичгийн хүрээнд хамгийн түрүүнд хийх ажил юу вэ?Аж үйлдвэрийн сайд Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Удахгүй “Витковец” группын компанийн удирдлагууд Монгол улсад айлчлах гэж байна. Эхний ажил энэ болно.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалтын хэдэн хувийг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эзэлдэг вэ?“Эрдэнэт үйлдвэр”-ийн Орхон аймагтай хийсэн хамтын ажиллагааны гэрээгээр бол манай компани худалдан авалтынхаа 30 хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс авах ёстой. Энэ жилийн хувьд худалдан авалтыг 35 хувь гэж заасан. Цаашдаа Монгол улсад тоног төхөөрөмжийн чиглэлээр үйлдвэрлэл хөгжихөөр тэндээс худалдан авалтаа хийнэ.
Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулна гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ?Ус, дэд бүтэц, автозам, төмөр зам, эрчим хүч гээд бүгд Бор-Өндөрт байна. Цагаансуварга цаашид ашиглалтад орно. Оюутолгойн орд газраас зэсийн баяжмал зөөхөд, дөхөмтэй гэсэн санаагаар Бор-Өндөрийг сонгосон. Нөгөө талаас, төрөөс жоншныхоо үйлдвэрийг дэмжих зорилготой байгаа. Энэ район бол Хими, металургийн цогцолбор бий болох ирээдүйтэй газар.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс энэ чиглэлд хамтарч ажиллана. Цаашид “Оюутолгой”, “Цагаансуварга”, “Эрдэнэт үйлдвэр“ нэгдээд Зэс хайлуулах үйлдвэрт ямар хувь эзэмших юм, төрийн эзэмшлийнх байх юм уу, энэ бүхнийгээ тодорхойлох шаардлага гарах байх.
Юутай ч “Эрдэнэт үйлдвэр” өөрийн хэмжээнд зэсийн баяжмалаа нийлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Монголын уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулалт, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүн гаргах цаг ойрхон ирж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-т хийгдсэн хамгийн сүүлийн томоохон шинэчлэл гэвэл та юуг хэлэх вэ? Бид 2015 онд хүдэр боловсруулалтаа 6 сая тонноор өргөтгөлөө. Өмнөхтэйгээ нийлээд 32 сая тонн хүдэр боловсруулах юм. Энэ бол том хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил. Мөн үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах чиглэлээр Ган бөмбөлөгийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Нийгмийн хариуцлагатай компанийн хувьд эмчилгээ, оношлогооны “Эрдэнэт медикал” төвийг нээсэн. Үйл ажиллагаа нь одоо эхэлж байна. Монгол иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа сайхан ажил боллоо.