Антарктид судлалд Монгол улсын үе үеийн судлаачид оролцсон ирсэн түүхтэй. 1972 онд Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат, 2007 онд А.Батболд, 2008-2012 онд Л.Дүгэржав, 2013 онд Д.Ганбаатар, 2014 онд Х.Пүрэвбаатар нарын судлаач олон улсын судалгааны багийн бүрэлдэхүүнд оролцож өмнөд мөсөн тивд Монгол улсынхаа тугийг мандуулж байсан бол 2015 онд Усны Ассоциацийн тэргүүн, Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д.Батмөнх Антарктид тивд ажиллаад иржээ.
Олон жилийн судалгааны үр дүнд Антарктид тивийн Ливингстоны аралд Монгол улсын баазыг байгуулах газрыг олж тогтоох, олон улсын түвшинд хэлэлцэж тохиролцох ажлыг эдгээр судлаач хийсэн байдаг аж. Гэхдээ Монгол улс олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн орох шаардлагатай байсан бөгөөд Гадаад харилцааны яам энэ тал дээр ихээхэн анхаарал тавьж Ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Улмаар уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар Монгол улс 2015 оны гуравдугаар сард Антарктидын гэрээнд нэгдсэн орсон.
Гэрээнд нэгдсэний дараа Антарктид судлалын нийгэмлэгийн гишүүн, техникийн ухааны доктор Д. Батмөнх судлаач эрдэмтэн гэсэн статустайгаар олон улсын судалгааны багт ажиллажээ. Тэрээр Антарктид тивийн Ливингстоны арал дахь Болгар болон Испанийн олон улсын судалгааны баазад 2015 оны 12 дугаар сарын 16 - 27-ны өдрүүдэд ажиллаад 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр эх орондоо ирсэн байна.
Д.Батмөнх судалгааны ажлынхаа талаар Монголын Өрөмдлөгийн Холбооноос өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулсан “Өрмийн ахмадууд, алдартнууд 2016” уулзалтын үеэр танилцуулсан юм. Тэрээр Антарктид тивийн Ливингстоны аралд байрлах Монгол Улсын бааз байгуулах газрын судалгааг нарийвчлан тогтоох судалгааны ажлыг Болгарын судлаач эрдэмтдийн хамт орчин үеийн багаж төхөөрөмж, программ хангамж ашиглан тогтоожээ.
Улмаар судалгааны ажлын үр дүнд Монгол улсын бааз байгуулах газрын хил заагийг тогтоож байгаа бөгөөд газрын өндөр нам, байрлалын зураг, эргэн тойрны болон бүх талын видео зураглал хийгдсэн байна. Эдгээр нь Антарктид тивийн Ливингстоны аралд Монголын улсын бааз байгуулах ажлын үндсэн баримт бичиг болох аж. Цаашид бид энэхүү баримт, материалыг албан ёсоор Монгол улсын засгийн газарт танилцуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа Д.Батмөнх судлаач ярилаа.
Антарктид тивийг судлах нь дэлхийн цаг агаарын өөрчлөлт, үүсэл, хүн төрөлхтөний ирээдүйн хэрэгцээний усны болон байгалийн баялгийн нөөц болон танин мэдэхүйн олон асуудлыг тогтоох ач холбогдолтой аж.
Г.Идэр