Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол улсын өрийг чөлөөлөх баримт бичигт Путин гарын үсэг зурав

1 дүгээр сарын 31-ний өдөр буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын 174,2 сая ам.долларын өрийн 97,8%-ийг чөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийт өрийн 2,2%-д ногдох 3,8 сая ам.долларын өрийг Монгол улс 30 хоногийн хугацаанд Оросын талд шилжүүлэхээр болж байна.

ОХУ-ын өмнө хүлээх Монгол улсын санхүүгийн үүргийг зохицуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын зөвшилцлийн баримт бичгийг Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-нд баталсан байдаг. Тухайн үед Оросын Засгийн газрыг төлөөлөн Владимир Путин, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нар хэлэлцээрт гарын үсэг зурж байв.

Хэлэлцээрийн баримт бичигт “2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол улс ОХУ-д төлөх нийт өр 174,2 сая ам.доллар байна. Үүнд “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрийн дүрмийн сангийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхээр ЗСБНХУ-аас авсан 163,7 сая шилжих рублийн зээл, “Внешэконом” банкны Монголын Төрийн банкинд нээсэн клирингийн дансан дахь Оросын талын үлдэгдэл клирингийн 10,5 сая ам.доллар тус тус багтсан. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан зөвшилцлийн дагуу нийт өрийн 97,8% буюу 172 сая ам.долларыг эргэн төлөхгүй, чөлөөлөх боломжтой” хэмээн заажээ.

2010 онд талууд хэлэлцээрт гарын үсэг зурсны дараагаар ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин Орос улс Монгол улсад 125 сая ам.долларын зээлийг шинээр олгох боломжийг судлах тухай мэдэгдэж байсан юм.

Өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сард ОХУ-ын Чита мужид Монгол-Оросын Засгийн газар хоорондын 19 дэх удаагийн ээлжит хуралдаанаар Орос улсаас 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл шинээр олгох хүсэлтийг манай улсын зүгээс албан ёсоор тавьсан билээ.

ОХУ-ын өмнө хүлээх Монгол улсын санхүүгийн үүргийг зохицуулах тухай баримт бичгийг Оросын Засгийн газраас баталснаар манай улсад Орос шинээр зээл олгох нөхцөл боломж бүрдэж байгаа юм.  

Э.Од