Япон улсад гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Nippon Steel and Sumitomo Metal” /NSSM/ групп өөрийн өрсөлдөгч “Nisshin Steel” компанийг худалдан авахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Nisshin Steel” компанийн 66%-ийг 100 тэрбум иен буюу 826 сая ам.доллараар худалдан авахаар зэхэж буй тухай Киодо агентлагаас мэдээлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Япон улсдаа дөрөвдүгээрт ордог “Nisshin Steel” нь 2017 оны 3 дугаар сараас NSSM группын охин компани болох аж. Өнөөгийн байдлаар тус компанийн 8,3%-ийг NSSM групп эзэмшиж буй юм.
Тус наймааны талаарх мэдээллийн дараа NSSM группын хувьцааны ханш 11%-иар өсчээ. NSSM групп нь ирэх 3 дугаар сарын 31-нд дуусах санхүүгийн жилд 45.2 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Япон улсын томоохон үйлдвэрлэгчтэй нэгдсэнээр NSSM групп нь дэлхийн гангийн салбар дахь байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа юм.
Э.Од