Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Жавхланбаатар: Хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалахад том ахиц гарсан



Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай MMJ-ийн С.Болд-Эрдэнэ ярилцлаа.


Хөрөнгө оруулалтын газар өнгөрсөн оноос Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Тогтворжуулалтын гэрчилгээ олгож эхэллээ. Хөрөнгө оруулалтын хууль бүрэн утгаараа хэрэгжиж байна гэж ойлгож болох уу?

Өнгөрсөн онд манай агентлаг маш завгүй, ачаалал ихтэй ажиллалаа. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, Тогтворжуулах гэрчилгээ олгох ажил өнгөрсөн онд эрчимтэй хийгдсэн. МАК компанийн Цагаансуваргын зэсийн төсөл, Хөхцавын цементийн төсөл, “Монполимет” компанийн “Монцемент” гээд хэрэгжээд явж байгаа, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Эдгээр төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум доллар буюу 3 их наяд төгрөг. Цагаансуваргын зэсийн төсөл хэрэгжсэнээр Монгол улсын эдийн засаг, гадаад худалдаа, төсвийн орлогод ихээхэн нөлөө үзүүлнэ. “Оюутолгой”, “Эрдэнэт” гээд зэсийн томоохон төслүүдийн үргэлжлэл болно гэж төсөөлж байна. Цементийн хоёр төслийн хувьд импортыг орлох маш чухал төсөл.
Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна 7 компанид Тогтворжуулах гэрчилгээ олгосон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь мөн 3 их наяд гаруй төгрөг. Нийт 30 орчим компани Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ ирүүлсэн. Зарим компани хуулийн дагуу шаардлага хангахуйц материал ирүүлэхгүй байна.

Мөн өнгөрсөн онд нийт 15 Концессын гэрээ байгууллаа. Үнийн дүн нь 6 их наяд орчим төгрөг болж байна. Дүгнээд хэлэхэд манай 20 гаруйхан хүнтэй агентлаг 2015 онд нийт 12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажилд дэмжлэг үзүүлж ажиллажээ. Энэ бол Монголын нийт төсвийн талаас илүү, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалттай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт гэсэн үг.

12 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын хэд нь орчихсон, хэд нь ирэх жилүүдэд нэмж орох вэ?
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 3 төслийн хувьд Цагаансуваргын төсөл дээр 600 гаруй сая долларын хөрөнгө оруулалт, Хөхцавын цементийн төсөлд 100 орчим сая долларын хөрөнгө оруулалт нэмж орж ирнэ. “Монцемент” төслийн хувьд бүтээн байгуулалтын ажил нь бараг дуусч байгаа ч нэмж 20 гаруй сая доллар буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн тооцоотой байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь өрнөж байгаа энэ 3 төсөлд 800 орчим сая долларын хөрөнгө оруулалт нэмж орно гэдэг бас том тоо.
Тогтворжуулах гэрчилгээ авсан 7 компанийн хувьд 5 нь хөрөнгө оруулалтаа хийчихсэн, 2 нь хөрөнгө оруулалтаа нэмж гүйцээх компани байгаа.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, Тогтворжуулах гэрчилгээ олгох хоёрын ялгаа нь юу вэ?
Тогтворжуулах гэрчилгээ бол нэг талаар хүчинтэй хугацаандаа 4 том татварыг тогтворжуулж байгаа эрхийн бичиг юм. Тус хугацаанд дээрх 4 татвар нэмэгдвэл Тогтворжуулах гэрчилгээ авсан компанид нөлөөлөхгүй. Харин татварын хэмжээ буурвал нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь Тогтворжуулах гэрчилгээ авахаас нэг том давуу талтай.   Хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын хуулийн орчинг тогтворжуулж өгч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөрдөгдөж байгаа татвараас өөр цоо шинэ татвар гарч ирвэл хамаарахгүй гэсэн үг. Гэхдээ Тогтворжуулах гэрчилгээтэй адилхан 4 гол татварын хувь, хэмжээ тогтвортой байна. Энэ бол хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгч нарт хуулийн дагуу олгож байгаа татварын тогтвортой байдал юм.

Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд хууль эрхзүйн орчин, татварын бодлого нь тогтворгүй гэж шүүмжилдэг байсан. Одоо бол татварын орчин тогтворжиж байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч нарын хувьд зардлаа урт хугацаанд бодитойгоор төлөвлөх боломжийг олгож байгаа. Компанийн зардалд хамгийн том нөлөөг татвар үзүүлдэг. Татварын хэмжээ нэмэгдэх, шинэ татвар бий болох зэрэг нь зардлаа бодитойгоор тооцож, ашиг орлогоо төлөвлөхөд гол хүндрэлийг бий болгодог байсан бол одоо тийм асуудал байхгүй болж байна.

Дэлхийн банкнаас гаргадаг   Doing business 2016 тайланд Монгол улс 56 дугаар байранд орж, өмнөх оныхоос 20-иод байраар урагшилсан. Ингэж урагшлахад хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах тал дээр том ахиц гарч, 18 дугаар байрт орсон нь нөлөөлсөн. Хүнд суртал, авлига гээд бусад үзүүлэлтээр хойгуур орсон болохоор дундажлаад 56 дугаар байрт орсон. Энэ бол Хөрөнгө оруулалтын хуулийн гол үр дүн гарч байгаагийн нэг илрэл юм.

2015 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт маш муу гарч байх шиг байна. Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага бий юу?

Монголбанкны мэдээгээр 2015 оны эхний 11 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 орчим сая доллар байна. Энэ бол Монголд орсон, гарсан хөрөнгө оруулалтын нийлбэр. Гэхдээ Монголд орсон, гарсан тоогоо аль алийг нь гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ГШХО-ын бодит тоог гаргахын тулд өгөгдлүүд аль аль нь ил тод байх хэрэгтэй.

2015 оны эхний 11 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 250 орчим компани шинээр бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 40-өөд компаниар бага байгаа ч муу үзүүлэлт биш. Шинээр байгуулагдаж байгаа компаниудыг аль салбарынх гэдгийг шууд хэлэхэд хэцүү. Манай тогтолцоогоор эхлээд компаниа байгуулаад дараа нь тухайн салбарынхаа холбогдох тусгай зөвшөөрлүүдийг авах ёстой байдаг. Жишээ нь эхлээд шууд уул уурхай ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулна гэдэггүй. Ихэвчлэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр компаниа бүртгүүлж, дараа нь салбарынхаа тусгай зөвшөөрлийг авдаг. Ингэхээр 250 компанийн хэд нь ашигт малтмалын салбарынх вэ гэх мэт ангилах боломж эхний ээлжинд байхгүй гэсэн үг.

Энэ жил ГШХО нэлээд нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт бий. Тухайлбал “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт батлагдлаа. Багаар бодоход тэрбум орчим доллар энэ онд орж ирнэ гэж тооцоолж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн жил батлагдсан 15 Концессын гэрээний хэрэгжилтийн дүнд тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. 15 гэрээ маань нийт 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төслүүд. Нэг жилд 3 тэрбум доллар орж ирнэ гэж байхгүй. 3 жилийн хугацаанд хэрэгжих төслүүд гэж тооцвол жилд дунджаар 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орох боломжтой гэсэн үг. Гэхдээ Концессын гэрээ бол хувийн компани болон төрийн хооронд тодорхой үүрэг хүлээж, улс орны нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл хэрэгжүүлнэ гэсэн үг. Аль аль тал нь хүлээсэн үүргээ биелүүлж байж төсөл амжилттай хэрэгжинэ.

Мөн цахилгаан станцын хэд хэдэн төсөл бий. Үүнээс Концессын гэрээ байгуулсан Багануур болон Тавдугаар цахилгаан станцын ажил нэлээд урагштай байгаа.

Концессын гэрээгээр хэрэгжих Аланбулаг-Замын Үүдийг холбосон хурдны авто замын төсөл зогссон гэсэн үнэн үү?
“Чингис Лэнд Девелопмент” компанийн Концессын гэрээг    өнгөрсөн 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар цуцалсан. Концессын гэрээ бол төр засаг, төсөл хэрэгжүүлэгч компани аль аль нь тодорхой үүрэг хүлээдэг гэж дээр хэллээ. Төсөл хэрэгжүүлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Концессын гэрээг цуцалсан. Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компани хөрөнгө мөнгө босгохоос эхлээд тодорхой ажлууд хийсэн байх ёстой байсан  ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж Засгийн газар үзсэн. Компанийн зүгээс Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан.

Манай улсын эдийн засгийн хөгжилд Орос-Хятадыг холбосон авто зам, төмөр зам, агаарын зам гээд дэд бүтэц нэн шаардлагатай юу гэвэл тийм. Тэр утгаар энэ авто замын төсөл маш чухал. Гэхдээ   Концессын гэрээгээр хийгдэх төсөл мөн үү гэдэг асуулт нэлээд мэтгэлцээн дагуулдаг. Учир нь Концессын гэрээ нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй хийгдсэн. 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл шүү дээ. Бизнесийн талаас нь харвал замаа бариад зам дээгүүр явах ачаа эргэлтээс хураамж авч хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Гэтэл 10 тэрбум долларыг нөхөхийн тулд ямар хэмжээний ачаа явах вэ, хэдэн жилд энэ хөрөнгө оруулалтаа төлөх вэ гээд маш нарийн судалгаа тооцоо шаардлагатай. Бизнес агуулга нь Концессын гэрээний хэлбэрт тохирохгүй бол өөр хэлбэрээр тухайлбал, 3 улсын Засгийн газар оролцсон томоохон санхүүжилтийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна.

The Mongolian Mining Journal 2016.01 /086/



  • Зочин (59.153.112.236)
    Австралид сурч байсан гээд байсан худалч гар Ийм амьтад эх орныг удирдахаар яана даа
    2016 оны 02 сарын 08 | Хариулах