Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” зах зээлээс үүдэн зардлаа танах аянд “мордов”

Дэлхийн хоёр дахь томоохон уул уурхайн компани “Рио Тинто” эрдсийн түүхий эдийн ханшийн уналтаас үүдэн 2016 оны үйл ажиллагааны зардлаа 1 тэрбум ам.доллараар танахаар төлөвлөжээ. Түүнчлэн тус компани 2017 оны зардлаа мөн адил 1 тэрбум ам.доллараар бууруулахаар төлөвлөснөө өчигдөр зарлалаа. Хэдийгээр “Рио Тинто” компанийг хамгийн хямд зардлаар олборлогчдын тоонд оруулдаг ч тус компани зардлаа дахин бууруулахыг зорьж буйгаа ийн мэдэгдлээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш хэлэхдээ, макро орчны нөхцөл байдал үргэлжлэн доройтсоор байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдлыг улам бүр газар авахуулж байна. Ийм нөхцөлд бид 2016 болон 2017 онд үйл ажиллагааны зардлаа нэг тэрбум доллараар тус тус бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэж мэдэгджээ.

Үүнээс гадна тус компани тоног төхөөрөмжийн зардлаа энэ онд 4 тэрбум доллар, ирэх 2017 онд 5 тэрбум доллар болгон бууруулж буй нь өмнөх төлөвлөгөөнөөс даруй 3 тэрбум доллараар бага үзүүлэлт ажээ.

“Рио Тинто” компани эдгээр зардал бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зах зээлийн ийм хүндхэн мөчлөгийн үед санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын сацуу хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн хэмжээгээ хэвийн түвшинд барьж чадна гэдэгт Сэм Уолш захирал итгэж байна.

Өнгөрсөн 2015 оны санхүүгийн тайлангийн дүнгээр тус компани энгийн хувьцаа бүрт 215 цент олгохоор болсон нь өмнөх 2014 оны түвшинтэй дүйж байгаа юм. Гэхдээ тус компани 2016 оны ногдол ашиг 110 цент болж буурна гэж төлөвлөжээ.

2014 онд компани 6.5 тэрбум долларын ашигтай байсан бол 2015 онд “Рио Тинто” компани 866 сая ам.долларын алдагдалтай ажилласан дүнтэй гарсан юм. Өнгөрсөн онд “Рио Тинто” 2014 оныхоос 13 орчим хувиар их буюу 263 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол зэсийн олборлолт өмнөх жилийнхээс 16%-иар доогуур буюу 504 мянган тонн, харин цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэл 28%-иар бага буюу 213 мянган тонн руу буув.

Харин коксжих нүүрс, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гарц тодорхой хэмжээгээр нэмэгдсэн дүнтэй гарчээ.

 

Б.Төгс