Ярилцсан Э.Оджаргал
Хил залгаа хөрш гурван улс Монгол, Орос, Хятад хамтран Ази, Европ тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах болсноо дэлхий дахинд тунхаглаад буй. Томоохон амбицтай энэ хамтын ажиллагаанд газар нутгийн байршил нь Монгол улсын давуу тал байх юм.
Орос улсын Европ талын бүс нутаг харьцангуй өндөр хөгжилтэй. Гэтэл Сибирь, Алс Дорнодын бүс нутаг харьцангуй сул хөгжсөн. Тиймээс сүүлийн жилүүдэд Сибирь, Алс Дорнодын бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэх бодлого барих болсон билээ. Стратегийн энэ бодлогын хүрээнд Орос орны газар нутгаар хөндлөн явсан Транссибирийн төмөр зам болон БАМ-ын шугам дагуух коридорыг хөгжүүлэхээр “Евроазиа транзит тээвэр” санаачилгыг гаргасан юм.
2013 онд Хятад улсын дарга Си Жинпин сонгогдохдоо “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах тухайгаа дэлхий нийтэд зарласан. “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хил дамнуулан бүтээн байгуулахдаа үндэсний компаниудаа татан оролцуулах бодлого барьж буй. Ингэхдээ “Торгоны зам” сан байгуулан, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалт олгохдоо бүтээн байгуулалтад Хятадын компаниуд оролцоно гэсэн ерөнхий шаардлага тавьсан юм. Энэ нь 1.3 тэрбум иргэдээ ажилтай байлгахын тулд улс дамнасан тээврийн коридоруудыг байгуулж, түүхий эдийг Хятаддаа төвлөрүүлэх, эргээд зам тээврийн коридороо ашиглан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн улс орнуудын зах зээлд тараан нийлүүлэх “амбицтай” санаачилга байгаа юм.
Гурван улс зам тээврийн коридорууд болоод түүнийг дагасан бүс нутгуудаа хөгжүүлэх гэсэн үндсэн зорилго дор нэгдэж байна. Хөрш орнуудын хил дамнасан Эдийн засгийн коридор болоод Монгол улсын “Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалтын дийлэнх нь зам тээврийн салбартай холбоотой юм. Дээрх санаачилгын хэрэгжилт, явцын талаар Зам тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа.Орос, Монгол, Хятад улс хамтран дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулахаар санал нэгдсэн билээ. Монгол улс энэ асуудалд хэрхэн хандаж байгаагаас ярилцлагаа эхэлье? Монгол улсын хоёр талд дэлхийн том эдийн засаг Орос, Хятад оршиж байна. Эдгээр улс 2014 оны улс төрийн нөхцөл байдлаас хамааран хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Энэ хоёр том эдийн засгийг холбон Монгол улс өөрийн газар нутгаар дамжин өнгөрөх коридорыг хамтран байгуулснаар хоёр орны худалдааны эдийн засгийн ашгийг хамтран хүртэх, цаашлаад бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэсэн хандлагаар Эдийн засгийн коридор байгуулах асуудлыг Монголын тал харж байгаа.
Өнгөрсөн оны 7 дугаар сард Уфа хотноо Эдийн засгийн коридор байгуулах Санамж бичгийг талууд үзэглэсэн. Энэ хүрээнд Монгол улс ямар ажлууд зохион байгуулаад байна вэ? Эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд гурван талын хамтын ажиллагааны том механизм ажиллаж байгааг онцлохыг хүсч байна. Гурван улсын Төрийн тэргүүн тохиролцоонд хүрэхдээ Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг талууд хамтран боловсруулж, түүнийхээ дагуу ажиллахаар болсон. Монголын талаас хөтөлбөрийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг Гадаад хэргийн яам ахлан холбогдох бүх салбар чиглэлийн яам, агентлаг, газрууд багтан ажиллаж байна.
Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хороо ахалж байгаа. Гурван талын ажлын хэсгүүд үе шаттайгаар уулзалт зохион байгуулж байгаа. Энэхүү уулзалтад гурван талын оролцоог хангах асуудал маш хүнд байдаг юм байна. Талуудын боломжит хугацааг тохируулснаар 2015 оны 12 дугаар сард гурван тал анх удаа Москва хотод уулзалдлаа. Мэдээж өмнө нь аль боломжтой нь хоёр талт уулзалт хийж, санал солилцож ирсэн. 12 дугаар сарын уулзалтаар Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн үндсэн хэсгийг нэг бүрчлэн ярилцаж, 80%-ийг тохиролцож чадсан. Одоо цаашид Эдийн засгийн коридорын хүрээнд гурван талаас хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтыг тохиролцох ажил үлдэж байгаа юм. Жагсаалтыг энэ оны 1, 2 дугаар улиралд тохирч чадах юм бол оны эхний хагаст багтаан гурван улсын Төрийн тэргүүн дахин уулзах боломж тохиох үед хөтөлбөрийг батлах чигтэй ажиллаж байна.
Эдийн засгийн коридорыг Монгол улсын “Талын зам”-тай хэрхэн уялдуулах вэ?Манайд боловсруулж бэлтгээд зөвхөн санхүүжилт хүлээж байгаа төсөл болсон баримт бичиг байхгүй учир Талын зам санаачилга гэж ярих нь зүйтэй. Тус санаачилга нь зөвхөн Монголд хэрэгжих биш, хөрш хоёр оронтой холбогдож байж эдийн засгийн үр өгөөжтэй байх учиртай. Тиймээс Талын зам санаачилгыг дангаар нь ярихаас илүүтэй гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд харах хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газрын үед 2012 оноос идэвхтэй яригдаж эхэлсэн “Талын зам” санаачилгад төмөр болон авто зам, хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний сүлжээ гэсэн “5 шугам” багтдаг. Гэтэл зөвхөн эдгээр “5 шугам”-аар хязгаарлагдалгүй мэдээллийн өндөр хурдны сүлжээ, агаарын тээврээр холбогдох боломж байгаа юм. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн агуулгын 70-80% нь зам тээврийн салбартай холбоотой. Үүнд төмөр болоод авто зам, агаарын тээврийн орон зай, хий болон газрын тосны дамжуулах хоолой, эрчим хүчний шугам, мэдээллийн өндөр хурдны сүлжээ зэрэг нь багтаж байна.
Тэгвэл асар их худалдааны эргэлттэй хоёр том зах зээлийг холбох зам тээврийн дамжин өнгөрөх коридорыг байгуулах нөхцөл боломж Монгол улсад хэр байна вэ? Үндсэн гурван чиглэлээр коридор байгуулахаар талууд ажиллаж байна. Хатуу дэд бүтэцтэй тээврийн коридорууд болох төмөр зам, авто замыг гурван чиглэлээр байгуулна. Төвийн чиглэлийн төмөр замын хувьд одоо байгаа “Улаанбаатар төмөр зам”-ын коридор байх юм. Тус төмөр замыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал бий. Монгол улс “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлийн эхний шатны хөтөлбөрийг 2012-2013 онд баталсан бөгөөд үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай, төлөвлөсөн хугацаанаас хойшилсоор байгаа ч ажил хийгдэж яваа. “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгч нь Оросын тал. 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан айлчлал хийх үеэр “Улаанбаатар төмөр зам”-ыг төвийн коридор болгон хөгжүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төвийн коридорыг үе шаттайгаар жилд 100 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох зорилттой. Ингэхдээ Орос, Хятад улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замын хэсгүүдийг харилцан уялдаатайгаар ижил түвшинд цогцоор нь хөгжүүлэх гэдэг дээр талуудтай ойлголцоод байгаа юм. Энэ нь Эдийн засгийн коридорын төмөр замын төвийн чиглэл “Улаан-Үд-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Жинин”-ийг хөгжүүлэх чухал асуудлын нэг.
Өмнө нь хатуу хучилттай замаар Оросоос Монголын газар нутгаар дамжин Хятадтай холбогдож байсангүй. 2014 онд анх удаа хоёр улсыг холбох хатуу хучилттай замтай болсон. Нэгэнт холбогдсон зам байгаа учир авто тээврийг идэвхтэй ашиглах саналыг Монголын талаас тавьж байгаа. Авто зам дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээрийг 2013 оноос эхлүүлэн ярьж явсаар өнгөрсөн 9 дүгээр сард хэлэлцээрийн төслийг тохирч чадлаа. Уг хэлэлцээр байгуулагдвал Монголоор дамнасан энэхүү авто замыг гурван улс ашиглах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ нь хурдны биш энгийн зэрэглэлтэй зам юм. Тэгэхээр төвийн коридорын одоо байгаа авто замыг зэрэгцүүлэн олон улсын хурдны авто замыг Эдийн засгийн коридорын хүрээнд бүтээн байгуулах тухай манай улс мөн санал тавиад явж байна.
Гэхдээ Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын хурдны авто замын төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн шүү дээ?
Энэ төсөл зогссон. Төсөл зогссон учир шалтгаан гурван орны улс төрөөс хамаараагүй. Монгол улс энэ замыг Концессын гэрээгээр бариулахаар зарласан. Үүний дагуу Концессын хуулийн дагуу төсөл хэрэгжүүлье гэсэн компанитай яриа хэлэлцээр хийсэн. Нэгэнт яриа хэлэлцээр хийж байгаа тохиолдолд хоёрдогч, гуравдагч талтай зэрэгцээ яриа хэлэлцээр хийх нь манай улсын Концессын хуулиар хориотой байдаг. Тухайн үеийн эрх баригчид чадна гэж үзээд тэрхүү компанийг сонгож л дээ. Концессын гэрээ байгуулахад гурван улсын оролцоо байгаагүй. Өнөөх компани зам барих гэж яваад чадсангүй. Төсөл хэрэгжүүлэгч ямар асуудалтай байгааг сайн мэдэхгүй ч Эдийн засгийн коридор байгуулах нь Монгол улсын бодлого учир энэ замыг барих нь тодорхой. Энэ тал дээр гурван улс цааш хамтран ажиллаад явна.
Баруун, зүүн чиглэлд төмөр зам, авто замын коридор байгуулахад манайд тодорхой бэлэн зам болоод төсөөлөл бүхий чиглэл ч байдаггүй байх? Манай улсын зүүн талд олон улсын батлагдсан авто замын чиглэл байдаггүй. Гэхдээ Зам тээврийн яамны төлөвлөгөөний Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийг зүүн коридорын авто зам болгох саналыг манай улсын зүгээс тавьж байгаа. Транс-Азийн авто замын сүлжээний хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт санал болгож, 2 жилд 1 удаа ажлын хэсэг хуралдахдаа саналыг хэлэлцэж оруулах эсэхийг шийддэг. Үүний дагуу 2017 оны хэлэлцээрт Монгол улс зүүн чиглэлээ олон улсын авто замын сүлжээнд оруулахаар саналаа өгсөн.
Харин зүүн чиглэлийн төмөр замын коридор бол ойлгомжтой. Монгол улсын төрөөс төмөр замын тээврийн талаарх бодлогод багтсан, чиглэл ч тодорхой. Тэр дагуу Шинэ төмөр зам төслийн хүрээнд судалгаа, урьдчилсан ТЭЗҮ нь хийгдсэн. Санхүүжилт байвал бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн. Одоогийн байдлаар “Улаанбаатар төмөр зам”-ын харьяанд Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр зам байгаа. Үүнийгээ сайжруулан шинэчилж Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн шинэ төмөр зам байгуулж, зүүн коридорын төмөр зам бий болох боломжтой. Уг төмөр зам нь зөвхөн Монгол улсаар хязгаарлагдахгүй цааш үргэлжлээд Оросын талд Соловьёвск, Өвөр Байгалийн төмөр зам хүртэл, Хятадын тал руу одоо баригдсан байгаа төмөр замын сүлжээтэй холбогдон цогцоор коридор болох юм.
Баруун коридорын төмөр замын тухайд Монгол улсын төмөр замын бодлогод баруун босоо чиглэлийн зам байгуулна гэснээс өөр тодорхой чиглэл байдаггүй. Гэхдээ 2015 онд УИХ-аар баталсан Эрдэнэт-Арцсуурь гэсэн шинэ чиглэл бий. Тэгэхээр Арцсуурь дээр төмөр замын хилийн гарц байх нь тодорхой боллоо. Тус боомт нь эдийн засгийн хувьд ч ихээхэн ашигтай байх боломжтой. Учир нь яг Арцсуурийн боомтын хойд тал руу Тува залгадаг. Тувагийн Кызыл орчимд Улуг-Хемийн нүүрсний сав газар бий. Эл сав газрын нийт нүүрсний таамаг нөөц нь 14 тэрбум тонн. Энэ их нөөц баялгийг Монгол улсаар дамжин Хятадын зах зээл, цаашлаад Энэтхэг, Пакситанд хүргэх сонирхол Оросуудад байдаг. Тиймээс Арцсуурийн боомтоос урагш Хятадын Шинжаан-Уйгарын автономит бүс нутаг руу чиглэсэн төмөр замыг бүтээн байгуулах санал яригдаж байгаа. Энэ чиглэлд Монголын талын “Аспайр Майнинг” компанийн төмөр зам барих ажил эхэлсэн. Энэ хавраас газар дээрх ажил эхэлнэ. Орос-Монголын тал хамтран Овоот-Кызыл чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Баруун хэсэгт авто замын хувьд “AH 4” гэсэн олон улсын чиглэл батлагдсан байдаг. Энэ нь Цагаан нуур-Өлгий-Ховд-Булган чиглэл бөгөөд үе шаттайгаар барилгын ажлууд нь явагдаж байна. 2017 онд хатуу хучилттай авто зам бүрэн ашиглалтад орно.
Танай яамтай холбоотой бас нэг асуудал бол агаарын тээвэр. Энэ чиглэлээр талуудын байр суурь ямар байгаа вэ? Ямар асуудлууд яригдаж байгаа бол?Монгол улсын агаарын орон зайг бүхэлд нь агаарын тээврийн коридор гэж хараасай гэдэг талаас бид яриа хэлэлцээр явуулж байна. Монголын газар зүйн байршил нь өөрөө давуу тал юм. Манай агаарын орон зайд Хятад дотоодын нислэг үйлдэх сонирхол бий. Жишээ нь тус улсын баруун урд хэсгээс зүүн хойд руу нислэг үйлдэхэд Монгол улсын газар нутгийн гүдгэр хэсгийг тойрох бус нэвт гарч нисэхэд орон зайн хувьд 1000 гаруй км дөт болж байгаа юм. Энэ нь эргээд эдийн засгийн үр ашиг. Тиймээс Монголын агаарын орон зайд гурван коридорыг Хятадын дотоодын агаарын тээвэрт нээгээд байна. Иргэний агаарын тээврийн орлого ч өснө. Гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой ажлууд хийгдэж байна.
Түүнчлэн Орос Хятад, цаашлаад Орос, Монгол, Хятадын агаарын орон зайгаар дамнаад Европ, Азийн хоорондын нислэгүүдийг зөв зохион байгуулж чадах юм бол гурван улс ашиг хүртэх боломжтой. Агаарын орон зайг үр ашигтай ашиглах асуудлаар гурван улс хамтран ажиллах саналыг Монголын талаас тавьж, талууд ярилцаж байгаа.
Орос, Хятад улс хил залгаа газар нутгаараа газрын тос, байгалийн хий нийлүүлэхээр үлэмж хэмжээний өртөгтэй төслүүдийн бүтээн байгуулалтыг хэдийнэ эхлүүлээд байна. Тэгэхээр Монгол улсын газар нутгаар дамжуулан хий болоод газрын тосны хоолой байгуулах асуудал бодитоор хэрэгжиж чадах болов уу? Хоолойн тээвэр гэдэг утгаараа энэ асуудал одоогоор Зам тээврийн яаманд зангидагдаж явах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ чиглэлийн ажлын хэсгийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлаад явж байна.
Хийн хоолойн асуудлын тухайд Монгол Казахстаны хооронд 20 км газар нутгаар Орос-Хятад хиллэдэг бөгөөд түүгээр хийн хоолой тавих судалгааг хоёр тал нэлээд хийсэн юм билээ. Яг тэр хэсэг нь Алтайн уулсын уулархаг бүс нутаг. Маш их чичирхийлэл явагддаг тус бүс нутагт хоолой тавихад асар өндөр хөрөнгө оруулалт шаардагдана. Нэмээд ашиглалтын явцад зардал их гарах хандлагатай. Тиймээс энэ чиглэлээр хоолой тавих нь эдийн засгийн үр ашиг муутай учир Монголын газар нутгаар тавих асуудлыг судалж үзэхээр талууд ярилцаж байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаанаар Монголын газар нутгаар хийн хоолой тавих асуудлын эдийн засгийн үндэслэлийг Хятадын талыг татан оролцуулах замаар гурван талт яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн саналыг Оросын тал тавьсан юм. Тэгэхээр хийн хоолойн асуудлаар Монголын тал Оросын талтай санал нэгдсэн гэсэн үг. Оросын талтай тохиролцож чадах юм бол Хятадын тал нээлттэй гэдгээ үргэлж мэдэгдэж ирсэн. Нөгөөтэйгүүр, Монгол улсын газар нутгаар дамжихгүй бол болохгүй байгалийн хий бас Орост байдаг. Тэрхүү нөөц нь Тува, Алтайн бүс нутагт бий.
Манай газар нутгаар оросууд газрын тосны хоолой явуулах асуудал бүтэхгүй, дэмжихгүй байх гэсэн үүднээс Монгол улсад хүлээлт бараг байгаагүй. Гэтэл энэ асуудлыг Оросын талаас өөрсдөө хөтөлбөрийн төсөлд оруулж ирж байгаа. Үүнээс үзэхэд Монгол улсын газар нутгаар дамжин газрын тосны хоолой байгуулах сонирхол Оросын талд байна. Хятад улсын хувьд түрүүнд хэлсэнчлэн эрчим хүчний түүхий эд орж ирж л байвал хүлээж авахад бэлэн.
Ер нь ямар нэгэн улс төргүйгээр бодитоор харах юм бол эдийн засгийн үр ашиг, эрэлт хэрэгцээний хувьд орос, хятадуудад нэг биш нэлээд хэдэн хоолой хэрэгтэй. Монгол улсын газар нутгаар хамгийн богино болоод бага өртөгтэйгээр хоолой байгуулах боломжтой.
Аливаа төсөл, хөтөлбөрийн талаар хэчнээн ярьж болох ч санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадахгүй бол бодитоор хэрэгжих хэцүү? ШХАБ, БРИКС-ийн орнуудын хамтарсан асар том банкууд гарч ирсэн. Эдгээр банк нь бүсийн хэмжээний хэд хэдэн орныг хамарсан төслүүд дээр шууд орж ирж байгаа юм. Олон улсын хурдны зам Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Овоот-Кызыл чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох сонирхолтой байгаа. Шинээр байгуулагдаад буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орны нэг нь Монгол улс. Өмнө нь бид мөнгө хайж явдаг байсан бол одоо мөнгө нь бэлэн. Харин улс төржихгүйхэн шиг урдах ажлаа сайн хийгээд явах хэрэгтэй байна.
Эдийн засгийн коридор байгуулах хүрээнд 2016 онд ямар уулзалт, ажлууд хийхээр төлөвлөгдсөн бэ? Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэхээр яригдаж буй асуудлууд өнөөдөр санаачилгын түвшинд байна. Тэр бүгдийг төсөл болгох асуудлаар Монгол улсын зүгээс дэвшүүлж буй нэг санал бол гурван улсын хамтарсан Хөрөнгө оруулалт, зураг төслийн төвийг Улаанбаатарт байгуулах тухай юм. Төслийн төлөвлөгөөний баримт бичгийг эцэслэн тохирох үед асуудал илүү тодорхой болох болов уу.
Нөгөөтэйгүүр, Зам тээврийн яамны түвшинд дээрх чиглэл бүрээр гурван талт хамтын ажиллагаа болоод уулзалтуудыг 2013 оноос санаачлан хэрэгжүүлж ирсэн. Төмөр замын асуудлын 3 дахь удаагийн гурван талт уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн иргэний агаарын тээврийн асуудлаарх гурван талт анхны уулзалтыг ирэх 2 дугаар сард Эрхүү хотноо зохион байгуулахаар тов гарсан. Авто замын тээврийн асуудлаарх уулзалтыг ирэх 3, 4 дүгээр сарын аль нэгэнд Орос улсад хийхээр төлөвлөж байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. The Mongolian Mining Journal, 2016.01 №086