Уул уурхайн яам, Япон улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам хамтран нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг 2013 оноос Монгол улсад нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Японы “Нагата Инженеринг” ХХК-ийн хооронд 2013 оны наймдугаар сарын 13-нд санамж бичиг байгуулсан аж. Уг санамж бичгийн дагуу талууд судалгаа, шинжилгээ, туршилтын ажлууд хийсэн бөгөөд тэдгээрийн үр дүнд үндэслэн туршилтын үйлдвэр байгуулах боломжтой гэж дүгнэжээ.
Үүний дагуу төслийн дараагийн үе шат болох туршилтын үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулах тухай “Санамж бичиг”-т Уул уурхайн яам, Японы Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллагын хооронд өнөөдөр гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Нагата инженеринг” компани хооронд төслийг хэрэгжүүлэх Гүйцэтгэлийн гэрээг байгуулсан юм.
Ингэснээр “Нагата Инженеринг” компанийн боловсруулсан суурь зураг төсөл, технологийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайд нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийг барьж байгуулан, технологийн зүгшрүүлэлтийг хийж гүйцэтгэх юм.
Жилийн 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” төхөөрөмжөөр, 0,5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table” төхөөрөмжөөр баяжуулах аж.
Энэхүү технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломж бүрдэх юм байна.
Г.Идэр