Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна. Экспортын голлох бүтээгдэхүүн болох эрдэс баялгийн экспортыг 2015 оны 1 дүгээр сартай харьцуулж авч үзвэл,
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 5%-иар өсч, 139.7 мянган тонн болов. Экспортын орлого 90 сая доллар буюу 33.6%-иар буурч 177.7 сая доллар болжээ.
Нүүрсний экспорт 1.16 сая тонн болж үл ялиг нэмэгдсэн байна. Гэсэн ч экспортын орлого 34.3 сая доллар болж 10.6%-иар буурав.
Алтны экспорт 0.7 тонн болж, экспртын орлого 25.3 сая доллар болжээ. Биет хэмжээ 30%-иар, экспортын орлого 37%-иар тус тус буурсан байна.
Газрын тосны экспортын хэмжээ 778.9 мянган баррель болж 13 орчим хувиар нэмэгдсэн ч үнийн уналтаас хамааран орлого 25 орчим хувиар буурч 24.6 сая доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспортын хэмжээ 475 мянган тонн болж 38%-иар нэмэгдсэн ч экспортын орлого 37%-иар буурч 13.2 сая доллар болсон байна.
Мөн молибдений баяжмалын экспортын хэмжээ 36%-иар өссөн ч
экспортын орлого 45 орчим хувиар унаж, 2 сая доллар болжээ.
С.Болд