Уул уурхайн яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт” зочид буудалд боллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдааг сайжруулах, талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” сэдвийн хүрээнд Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөр, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, GIZ-ийн ЭТИС хөтөлбөриин захирал Ш.Ханселманн нар оролцож, хүндэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Оюутолгой ордын далд уурхайн санхүүжилт, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл зэрэг эдийн засагт томоохон байр суурь эзлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны хөгжилд томоохон ахиц, дэвшил авчирлаа. Гэвч салбарын хэмжээнд тулгамдсан асуудлууд байсаар байна.
Зам, тээвэр, эрчим хүч, усан хангамж зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрөөс тогтоосон талбайд ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү тавьсан бол GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл” төслөө үйл явцыг танилцуулав.
“Манай салбарт хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх үед орон нутгаас заавал дэмжих саналыг авдаг. Нийт саналын гуравны нэг нь дэмжихгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт дэмжлэгийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөр яригдсан. Үүнийг бид судалж үзээд Хүний хөгжлийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар уул уурхайн салбараас орж байгаа орлогын тодорхой хувийг тухайн аймаг, сумын хөгжилд оруулахаар баталсан. Ингэсний үр дүнд геологи, хайгуул, уул уурхайн ашиглалтын компанийн тусгай зөвшөөрлийн нийт төлж байгаа төлбөрийн 50 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт цуглардаг хувийн 30 хувийг аймаг сумдад Орон нутгийн хөгжлийн сангаас өгөхөөр болсон. Энэ хууль шинэ оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөгдөж байгаа” хэмээн Б.Батхүү дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дурьдлаа.
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа нар тус тус илтгэл тавьсан юм.
Мөн үдээс хойшхи хэлэлцүүлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболдын “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл төслийн хэлэлцүүлгээс хүлээгдэж буй үр дүнгийн танилцуулгаар үргэлжиллээ.
Хэлэлцүүлэгт мөн Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгуудын “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл”-ийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийн танилцуулгыг Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-ын сургагч багш Ж.Чанцалдулам, “Эрдэнэ Монгол ХХК-ийн орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж буй туршлага сэдвээр Баянхонгор аймгийн “Эрдэнэ Монгол” ХХК-ийн төлөөлөл П.Эрдэнэбилэг, Андын тэмүүлэл ХХК-ийн “Орон нутгийн цогц хөгжил-4 талын түншлэл” төсөл дэх оролцоо“ сэдвээр Баянхонгор аймгийн “Андын тэмүүлэл ХХК”-ийн төлөөлөл Г.Эрдэнэбат, Орон нутгийн уул уурхайн компаниудын чадавхийг бэхжүүлэх, түншлэлд оролцуулах төслийн танилцуулга, сургалтын хэрэгцээ тодорхойлох асуулгын талаар Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Г.Отгонтуяа нар тус тус танилцуулга хийлээ.
Үүний дараа аймаг тус бүрээр хэлэлцүүлэг болж, “Орон нутгийн цогц хөгжил 4 талын түншлэл”-ийг цаашид хэрхэн өргөжүүлж, бэхжүүлэх талаар харилцан ярилцсан юм.
Г.Идэрхангай .