Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” групп нь төмрийн хүдрийн салбар хариуцсан “Kumba Iron Ore” компаниа худалдахаар төлөвлөжээ. Тус компани нь төмрийн хүдрийн экспортоор дэлхийд 5 дугаарт ордог байна. Ирээдүйд төмрийн хүдрийн салбарт өрсөлдөх тоглогч болох боломжоо одоо дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унаж байгаа энэ үед алдаж байгаа тул зэс, цагаан алт болон алмазны бизнестээ илүүтэй анхаарах шаардлагатай болж байна хэмээн группын Ерөнхий захирал Марк Кьютифани мэдэгджээ.
“Англо-Американ” группын охин компани “Kumba Iron Ore” нь Өмнөд Африк дахь төмрийн хүдрийн гурван уурхайг эзэмшдэг. Тэдгээрийн хамгийн том болох “Sishen” уурхай жилд 40 сая тонн сайн чанарын хүдэр олборлох хүчин чадалтай. 2015 онд “Kumba Iron Ore” компани нийт 44.9 сая тонн хүдэр олборлож, өмнөх оныхоос 6.9%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Олборлолтоос 40 сая орчим тонн хүдрийг Хятад, Япон болон Европын орнууд руу экспортолсон байна.
Өнөөгийн байдлаар “Kumba Iron Ore” компанийн 69.7% нь группын эзэмшилд байгаа аж. “Англо-Американ” групп нь 2015 онд 5.62 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан юм. Ерөнхий захирал Марк Кьютифани мэдэгдэж буйгаар групп нь нүүрсний бизнесээ бүрмөсөн орхихоор төлөвлөж байгаа бөгөөд нүүрсний хувьцаануудаа худалдах тохиромжтой цаг үеийг хүлээж байгаа гэнэ.
Э.Од