Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе



Э.Жаргал

2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа. Улаан талбай дахь Ялалтын баяр, Бээжингийн парадаар Путин, Си дарга нар зэрэгцэн зогсож байсныг дэлхий дахин онцолж байлаа. Гэлээ ч харагдаж байгаа шигээ бүх зүйл тийм өөдрөг биш юм. Хоёр улсын эдийн засгийн эргэлт 2014 онтой харьцуулахад 3 дахин буурч, “Шинэ торгоны зам” Оросын газар нутгийг тойрон хэрэгжиж эхлэв. Бээжин, Москвагийн хооронд зурагдсан ихэнх төслүүд “цаасан” дээр хэвээр байна.

Хоёр гүрний найрсаг нөхөрлөлийн харилцааны хөгжил удааширч буйг 2015 оны сүүлчээс дэлхий нийт анзаарах болов. 2015 онд нийт 64.2 тэрбум ам.долларын худалдаа хийгджээ. Орос руу нийлүүлэх Хятадын худалдааны экспортын хэмжээ 32.9 тэрбум ам.доллар буюу өмнөх онтой харьцуулахад 34.4%-иар буурсан юм. Харин Хятад руу Оросын импортын хэмжээ 19.9%-иар буурч, 31.3 тэрбум ам.долларт хүрчээ. 2016 онд худалдааны нийт эргэлт 50%-иар буурах магадлал тун өндөр байгааг шинжээчид анхааруулж байна.

Шинэ он хоёр улсын эдийн засгийн хувьд төдийлөн таатай эхэлсэнгүй. Газрын тосны үнэ 2004 оны хэмжээнд хүрч, Хятадын биржүүдэд гол индексүүд буурч, юанийн ханш суларч байна. Талуудын хүссэн хамтын ажиллагааг хурдацтайгаар хөгжүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл бол Орос, Хятадын дотоод дахь эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөл байдал юм.
 
2014 онд “Газпром” компани, CNPC хооронд “зууны” гэрээ зурагдаж, Оросоос 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятад улсад нийлүүлэх тухай дэлхий дахинаа шуугиж байлаа. Шинэ он гарах хүртэл талууд энэ гэрээг хүчтэй ярьж, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулсан юм. Гэвч “хар алтны” ханшнаас шууд хамаарах байгалийн хийн үнэ хэт хямд учир энэхүү гэрээг оросууд 2019 он хүртэл царцаахдаа нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг бууруулах чиглэлээр харж байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллартай тэнцэж байх үед гэрээ зурагдсан түүхтэй. Тухайн үед 1 шоо метр байгалийн хийн үнэ 350 ам.доллар байхаар төслийг тооцоолж байжээ. Харин одоо байгалийн хийн үнэ 235 ам.доллараас дээш гарахгүй нь. Төсөлд төлөвлөснөөр 2018 оноос байгалийн хийг Хятадад руу нийлүүлж эхлэх учиртай. Үүний тулд Монгол улсын газар нутгийг тойруулан Сибирийн асар уудам нутгаар хөндлөн гулд 4000 орчим км үргэлжлэх хий дамжуулах хоолой бүтээн байгуулах нүсэр ажлыг өрнүүлэх юм. “Эрхүү-Якут” чиглэл 800 км, “Якут-Хабаровск-Владивосток” чиглэл 3200 км “Сибирийн хүч” аварга байгууламж 800 тэрбум рублийн өртөгтэй. Энэ бол улсын төсвөө 10%-иар танах гэж толгойгоо гашилгаж суугаа оросуудын хувьд чанга мөнгө. Уг нь дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад Хятадын тал урьдчилгаа болгон 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амлаж байсан ч оны өмнөхөн татгалзсан хариу ирүүлжээ. Үүнийг Оросын тал таамаглаагүй бололтой. “Газпром” компани “Сибирийн хүч” хоолойн эхний 882 км-ийг барих тендерийг зарласан боловч мөн л оны өмнө цуцалсан. Эндээс үзэхэд өнөөдрийг хүртэл Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хий дамжуулах хоолойгоос нэг ч км-ийг тавиагүй байна. 

Хэдийгээр Орос, Хятадын 400 тэрбум ам.долларын хийн гэрээ төдийлөн урагштай биш  байгаа ч хийн салбар дахь хамтарсан бас нэгэн том төсөл амжилттай явна. Өнгөрсөн 12 дугаар сард Дмитрий Медведевийн Хятадад хийсэн айлчлалын үеэр  гэрээ нь зурагдсан байгалийн хий боловсруулах үйлдвэрийн “Ямал” төсөл юм. “Новатэк” компанийн тэргүүн ноён Михельсон төслийн явцын талаар Ерөнхийлөгч Путинд энэ сард танилцуулахдаа төсөлд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгааг дурджээ. Жилд 16.5 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгын ажил 56%-тай явагдаж буй. Энэ төслийн нэг онцлог нь Орос, Хятадаас гадна Францын улсын оролцоотой.

“Торгоны зам” сан Оросын хувь эзэмшлээс 9.9%-ийг худалдан авснаар төсөлд Хятадын тал 29%-ийн эзэмшигч болж буй. Оросын талд хяналтын 51% үлдэнэ. “Ямал” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бүх л улс орнуудын зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгээ Путин мэдэгджээ. Харин Хятадын талын хувьд  борлуулалтаа олон улсын зах зээлд хүргэх ажлаа хэдийнэ эхэлсэн. Далайн тээвэрлэлтэд ашиглах танкер нийлүүлэх асуудлаар “Dynagas”, “CLNG” компаниудтай хамтран ажиллахаар энэ 1 дүгээр сард тохиролцоонд хүрсэн байна. 2017 оны эхний улиралд “Ямал” үйлдвэр бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Шинэ он гармагц Чита муж дахь алт, зэсийн Быстринскийн ордын лиценз эзэмшигч “Норникель” компани хувьцааныхаа 13.3%-ийг 100 сая ам.доллараар Хятадын консорциумд худалдахаар тохиролцлоо.

Уг наймааг голлон зохион байгуулсан “Hopu Investments” сан нь Оюутолгойн “өрсөлдөгч” хэмээгддэг Удоканы ордыг ашиглахад хөрөнгө оруулахаар сонирхож байсан ч удалгүй гэрээгээ цуцалсан юм. Зэсийн 1.4 тэрбум тонн нөөцтэй ордыг түшиглэн Монголын хилээс холгүй уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2017 онд эхлүүлэх төлөвтэй. Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа жилд 10 сая тонн хүдэр баяжуулахдаа 65 мянган тонн зэс, 6.3 тонн алт, 35.9 тонн мөнгө, 2.1 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэнэ. Төслийн хүрээнд 375 км “Нарын-Лугокан” салаа төмөр замыг шинээр байгуулах аж.

Энэ жил 2 улсын хамтын ажиллагааны хүрээнд бодитоор хэрэгжиж эхлэх нэг төсөл бол хил дамнасан гүүрэн авто зам юм. Оросын Амур мужид Орос, Хятадыг холбох авто замын гүүр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг 2 дугаар сард эхлүүлэх гэж байна. Авто замын гүүр нь 1.1 км урттай бөгөөд бүтээн байгуулалт 4 жил үргэлжилнэ гэж тооцож байна. Төслийн нийт өртөг 16 тэрбум рубль юм.  Үүнээс 10 тэрбум рублийг Оросын тал гаргах аж. Амар мөрний хамгийн нарийн хэсэгт 700 м газраар хоёр улс тусгаарлагддаг ч Оросын Благовещенск хотоос Хятадын Хэйхэ хот хүрэхэд 5 өдрийг зарцуулдаг.

2016 оны хувьд Орос, Хятад улс нь шинэ төслүүд гэхээсээ илүүтэй өмнө яригдсан төслүүдээ хэлэлцэх, хэрэгжүүлж эхэлснээ үргэлжлүүлэх бололтой. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш буурсан өнөөгийн нөхцөл байдлаас хамаарч зарим талаараа эдийн засгийн хамтын ажиллагаанд “зогсонги” үе тохиож байна гэх. Хамтарсан төслүүдийн ихэнх нь түүхий эдийн худалдаа гэсэн “хуучирсан” загварт дулдуйдаж буйг олон улсын шинжээчид онцолж байгаа юм. Сүүлийн 15 жил үргэлжилсэн энэ загвараар цаашид удаан явахгүй нь гэдгийг хоёр улсын эдийн засагчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрч буй. Тиймээс ирэх жилүүдэд өндөр технологи, техник,  хүмүүнлэг, сансар судлал, цөмийн эрчим хүч гэсэн шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг сонирхож байна.   

Хэдийгээр дотоод болоод гадаад худалдааны нөхцөл байдал хүнд байгаа ч Хятад улс дэлхийн эдийн засаг дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд маш тооцоотойгоор урагшилж буй. Шинэ он гармагц Си Жинпин дарга сүр жавхлантайгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АБДХОБ/ үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. Дэлхийн банк, Олон улсын валютын сантай эн зэрэгцэх санхүүгийн том институтын үйл ажиллагааг дэмжин Их Британи, Франц, Саудын Араб зэрэг Америкийн хамгийн ойрын түншүүд ч нэгдсэн. Тус банкны гуравдагч том хувь эзэмшигч Орос улсын хувьд оны эхний хагаст багтаан Алс Дорнодын бүс нутаг дахь дэд бүтцийн төсөл хөтөлбөртөө зээл авах талаар Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович дуулгажээ.

2016 онд Хятад улсын гол анхаарлаа хандуулах нэг том ажил “Их 20” уулзалт байх нь дамжиггүй. Ирэх 9 дүгээр сард Ханжоу хотноо зохион байгуулагдах уулзалтын бэлтгэл ажил Хятадад эрчимтэй өрнөж байна. Дэлхийн худалдааны 80 гаруй хувийг эзлэх 20 орны Төрийн тэргүүний энэхүү уулзалтын 15 жилийн ойд хятадууд ихээхэн ач холбогдол өгч, Бээжинд олимп зохион байгуулсны дайтай нүсэр бэлтгэл ажлыг орон даяар эхлүүлжээ.    

Си Жинпин БНХАУ-ын даргаар сонгогдсоноосоо хойш дэлхийн 40 оронд 19 удаагийн төрийн айлчлал хийжээ. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 17 удаа албан хэргийн уулзалт хийсэн байна. 2016 оны хувьд Си, Пу дарга нар хоёрт талт уулзалт гэхээсээ илүүтэй гурван улсын хил дамнасан “Эдийн засгийн коридор” байгуулах асуудлаар Орос, Монгол, Хятадын Төрийн тэргүүний уулзалтын тов гарч байгаа юм.

The Mongolian Mining Journal 2016.01 №086