Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ. “Монголын төмар зам” ТӨХК-ийн удирдлагууд зээлийн асуудлаар Хятад улсад “Эксим” банкны төлөөлөгчидтэй уулзаж байгаа тухай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хөгжлийн хэлтсийн дарга И.Идэш “Bloomberg news”-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Монгол улсын зүгээс Засгийн газрын баталгаа гаргах саналыг Сангийн яамнаас дэвшүүлэхэд бэлэн гэдгээ тус яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул мэдэгдсэн аж.
Монгол улсад барилгын улирал хавар эхэлдэг учир зээлийн асуудлаар талууд ойрын хугацаанд, тодруулбал нэг долоо хоногт багтан тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж буйгаа И.Идэш ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, хэрэв төмөр замын барилгын ажлыг энэ жил эхлүүлэх юм бол бүтээн байгуулалт 2018 онд дуусах бүрэн боломжтой гэжээ.
“Эксим” банкны хувьд төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын компани ажиллах нөхцөлийг тавьсан байна. Монголын талтай хийж байгаа зээлийн энэхүү хэлэлцээрийн талаар тус банкны зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.
240 км урттай уг төмөр зам нь Монгол нүүрсний экспортыг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулах давуу талтай. Нүүрс нь Монгол улсын экспортыг бүрдүүлэгч гол нэрийн бүтээгдэхүүн зэсийн дараа ордог бүтээгдэхүүн бөгөөд 2015 онд нүүрсний экспортоос 556 сая ам.долларын орлого орсон байна.