Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ.
2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хятадын Циндао боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 6.2%-иар өсч 51.52 ам.доллараар худалдагдаж байна. 2016 он гарснаас хойш дэлхий зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 18%-иар өссөн аж.
Австралийн гангийн томоохон үйлдвэрлэгч “BlueScope Steel” компанийн тэргүүн Пол О’Меллийн ярьж буйгаар, тус улсын ихэнх гангийн үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэл, түүхий эдийн эрэлт буурах төлөвтэй байна.
Э.Од