Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“ДМНН” ТББ-ын шаардлагын хариуг Уул уурхайн яам өглөө


Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн яам болон Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцож сүүлийн үед уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнасан юм.

Засгийн газрын хоёрдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний АМНАТ-ийн гэрээний үнээс тооцож авах тухай” тогтоол болон “Гаалийн бүрдүүлэлтийн хураамж”-ийг бууруулах тухай шийдвэрийн төслүүдээ хэлэлцэн баталсан юм.

Энэ талаар Уул уурхайн яамныхан “АМНАТ болон Гаалийн хураамжаас улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэж татварын суурь тэлнэ. Мөн нүүрсний уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэх боломж үлдэнэ” хэмээн тайлбарлалаа.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш цахим хэлбэрээр 3915 дугаар олгожээ. Үүнээс дугаар авсан 1580 аж аухйн нэгж цагтаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13,26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20,9 сая гектар талбайн 63,44%-ийг эзэлж байгаа юм.

Үүнээс тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн   995 /5,22 сая гектар буюу 24,9%, тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт 664, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 636, өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 40 өргөдөл байгаа аж.

Уул уурхайн яамнаас “ДМНН” ТББ хэвлэлийн хурал зарлаж Монгол улсын Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар хийсэн мэдээлэлд тайлбар хийж буйгаа хэвлэлийн үеэр мэдэгдлээ.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, Ойн сав бүхий газарт хууль бусаар Австралийн хөрөнгө оруулалттай “Гутайн даваа” хэмээх компанид алт олборлуулахаар тусгай зөвшөөрөл өгсөн” гэсэн мэдээллийг   “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ өгсөн юм.

Уг мэдээллийн хариуд Уул уурхайн яам “Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Гутайн даваа” ХХК нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж бөгөөд Монголын талын 51%-ийг, Канадын тал 49%-ийг эзэмшдэг. Уг компани нь 2003 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авч, улмаар хайгуул хийн Гутайн алтны үндсэн ордыг нээж, нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2012 оны долдугаар сарын 05-ны өдөр хэлэлцсэн.

Гэтэл тэр үед “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн бүс Ойн сан бүхий газартай давхцалтай байсан юм.  2015 оны хоёрдугаар сард тус хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ, уг хуулийн дагуу “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан.

Ингээд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “....далд уурхайгаар олборлох нөхцөлд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харгалзан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэсэн лавлагаа өгчээ.

Улмаар Ашигт малтмалын газар “Гутайн даваа” ХХК-д MV-019023 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон байна. Одоогоор тус компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгал орчин, аялал жуулалчлын яамнаас олгогдсон мэргэжлийн эрх бүхий байгууллага болох “Дэлгэрэх-Ач” ХХК-иар хийлгэж байгаа аж.

Мөн “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”-ийн “Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамрах хэмжээний талбайд газрын тосны хайгуул хийх зөвшөөрлийг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид хууль зөрчин олгосон” гэх мэдээллийг хариуг Уул уурхайн яамныхан  өглөө.

“Монголиа гладвилл Увс петролиум” компани нь УвсI талбайд хайгуулын 8 жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул, 160 тууш км 2 хэмжээст, 160 кв.км талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, хайгуул, үнэлгээний 453 цооног өрөмдөн, хайгуулын ажилд 827 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Газрын тосны тухай хуульд заасны дагуу хайгуулын ажлын доод хэмжээг дахин төлөвлөсөн бөгөөд 257,57 сая ам.долларыг зарцуулах аж.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2011 оны 175 дугаар тушаалаар олон улсад нээлттэй зарласан газрын тосны хайгуулын Увс I талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрэ байгуулах сонгон шалгаруулалтад шалгарсан  Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Гладвилл” ХХК шалгарсан юм байна.

Увс I талбай нь Увс аймгийн 13 сум буюу Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруун-туруун, Давст сумдыг хамардаг аж.



Г.Идэр