Байр суурь
Тэсэх стратеги
2016-02-29
Н.Ариунтуяа
Эрдсийн зах амаргүй нөхцөлд байна. Түүхий эдийн үнэ тасралтгүй унасаар. Арванхоёр оноос эхэлсэн зах зээлийн уналтыг арван зургаан оны дунд үеэс сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд ч тийм горьдлого найдвар тээн хүлээж, тэсч үлдэх менежмент хийж ирсэн билээ. Гэвч арван зургаан онд найдвар тун бага үлдэв. Компаниуд арвантаван оноос ч илүү хүнд нөхцөл байдлыг туулах төлөв харагдана. Хэтдээ хэр урт хугацаанд үргэлжлэхийг хэн ч яг таг хэлж мэдэхгүй юм.
Хүндрэл бэрхшээл компаниудыг том жижиг, аль улс үндэстнийх гэдгийг үл ялган бүгдийг сорьж байна. Үндэстэн дамнан дэлхийг хэрсэн гигант компаниудын үнэлэмж илт буурч, банк санхүүгийн байгууллагуудын итгэл суларч эхлэв. Уналтыг богино хугацааны хэмээн найдаж байсан компаниуд тэсч үлдэх менежментээ өөрчлөн, царцаан хүлээж байсан найдвар багатай төслүүдээ зарахыг чухалчлах боллоо. Нэн ялангуяа нүүрс, төмрийн хүдрийн ордуудад иймэрхүү хэлцлүүд олноор яригдан буй ч бодит худалдан авалт огтхон ч хийгдэхгүй байна.
Энэ бүх нөхцөл байдал эрдэс баялгийн салбарт дэлхий даяар өндөр өсөлтийн дараах үеийн шинэ стандартыг бий болгож байна. Бэрхшээлийн үед хамгийн сүүлчийн өөдрөг компани байж, найдвар төрүүлсээр ирсэн “Рио Тинто” ч стратегиэ өөрчилж буйг сүүлийн үеийн мэдээллүүдээс тодорхой харж болно. Групп даяараа зардал хэмнэх менежмент хэрэгжүүлэх тухай захидалдаа ноён Сэм Уолш, “Энэ нөхцөл байдал түр зуурынх биш. Салбарт шинэ стандарт тогтож байна, бид ч бас урагшлах хэрэгтэй гэсэн үг” хэмээсэн нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, барьц алдаж эхэлсний илрэл болов. “Рио”-гоос эхлээд дэлхийн уул уурхайн том компаниудад ордуудаа зарж, ногдол ашгаа танаж, зардлаа бууруулахыг эрдсийн захын төлөв улам бүр хүчтэйгээр тулгаж байна. The Mongolian Mining Journal хоёрдугаар сарын дугаартаа нийтэлсэн дэлхийн компаниудын тэрхүү тэсэх стратеги танд сонин байх буй за.
Монголд ч ялгаагүй компаниуд үйл ажиллагаагаа хумьж, төсөл хөтөлбөрүүдээ царцаан, зардлаа бууруулж, орон тоогоо цомхотгож, сул зогсож, зарим нь бүр хаалгаа бариад байгаа. Энэ цагийн тэргүүлэх компаниудаас сул зогсолт, менежментийн цомхотгол гэсэн үгс салахаа болив. Манай улсын хувьд зах зээлийн уналтаас гадна өндөр өсөлтөд бялуурсан бодлогын алдааг уул уурхайн салбарынхан үүрсээр ирсэн. Харин одоо тэсч үлдэх нь хэд байх бол.
Өнгөрсөн хугацаанд энэ салбарт жижиг, дунд хэчнээн компани “амь тавьсныг” Монгол улс бүртгэж, статистик тоо баримт гаргаж чадахгүй л яваа. Энэ бүхэн одоо зөвхөн тэсч үлдэх биш урт хугацааны төлөвлөлтөд анхаарал хандуулж, нухацтай бодох, асуудалд хэрсүү хандах цаг ирснийг сануулж байна.
Өнгөрсөн арав гаруй жил тохиосон супер мөчлөгийг хөгжиж буй улсуудын хувьд хөгжлийн асар том боломж дагуулсан алтан үе хэмээн тодотгож байв. Гэвч энэ мөчлөгийг Монгол төдийгүй хөгжиж буй зарим орнууд төдий л ашиглаж чадаагүй тул олон улсын том байгууллага, эрдэмтэд өнөөдрийг алдаанаасаа сурах цаг гэж тодорхойлж байна. Дараагийн өсөлт ирэхээс өмнө дахин алдаа гаргахгүйн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж бэлдэх ёстой гэж үзэж байгаа аж. Байгалийн баялаг тойрсон асуудлын мөн чанарыг ойлгож, сорилтыг даван туулж, орлогоо зөв удирдан тогтвортой хөгжлийг бий болгох жор буюу уул уурхайн засаглал хэмээх нэршил бий болж, байгалийн нөөцийн эдийн засаг болон нийгмийн тэгш байдал, энгийн хүмүүст үр шимийг хүртээх алсын харааны асуудлыг хөндөж ярих боллоо. Тиймээс MMJ энэ дугаартаа Монголын уул уурхайн засаглалын хүрээлэн хэмээх бодлогын судалгааны шинэ байгууллагыг танилцуулж байна.
Туулах ёстой арванзургаан оны амаргүй нөхцөлд гялтайх ганц сайн мэдээ нь эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх Оюутолгой уурхайн санхүүжилт шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлсэн явдал юм. “Оюутолгой” төсөл, “Рио Тинто”-той холбоотой Монгол дахь бүх ажлыг хариуцаж, “Рио Тинто”-гийн салбар олон компанийн харилцааг холбож, зохион байгуулж ажилладаг “Рио Тинто” компанийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүхтэй сэтгүүлч С.Болд-Эрдэнэ ярилцлаа.
The Mongolian Mining Journal шинэ дугаартаа онцолж буй өөр нэг чухал сэдэв бол зэс хайлуулах үйлдвэр. Нефть, зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн Аж үйлдвэрийн сайдын томоос том гарчигтай ярилцлагууд он гарсаар хэвлэлийн хуудас чимэх болсон билээ. Тэрхүү үйлдвэрийн ерөнхий дүр зураг, төсөөллийг сэтгүүлч Г.Идэрхангай тоймлов. 30 жил яригдсан зэс хайлуулах үйлдвэрийн тухайд Аж үйлдвэрийн яамны барьж авсан төсөл хүхрийн хүчлийг хэрхэх талаар шийдэл гаргаснаараа багахан найдвар хадгалж буй. Гэвч сонгуулийн жилд амь ордог амбицтай төслүүдийн нэг болж замхрах вий гэсэн болгоомжлол буй хэн бүхний цээжинд байгаа нь нууц биш. Эрдэнэт, Оюутолгой, Цагаансуваргынхан анхааралтай ажиглаж буй уг төслийн талаар, ялангуяа технологийн сонголт, шийдлийн талаар ММJ үргэлжлүүлэн хөндөж, салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэх болно.
Эрдэс баялгийн салбарын эрхзүйн орчинд орж буй өөрчлөлт бүхэн The Mongolian Mining Journal-ын онцгой сэдэв байсаар ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгуудын талаар ММJ нэгдүгээр сарын дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тэрхүү сэдвийг үргэлжлүүлэн хөндөж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уул уурхайн хоёрдогч ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн эрхзүйн зохицуулалтуудыг тусгасан хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас УИХ-д өргөн бариад байгаа. Хоёрдогч түүхий эдийг ашиглах эдийн засгийн хөшүүрэг бий болсноор боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тэлнэ хэмээн харж буй энэхүү төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт бий. Өргөн баригдсан дээрх хуулийн төслөөс гадна Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах бас нэгэн төслийг Уул уурхайн яам дээр байгуулагдсан Ажлын хэсэг боловсруулж буй.
Тусгай зөвшөөрөл олгох талбайг Төрөөс зарлахаас өмнө орон нутгаас эхэлж санал авах зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгах үндсэн зорилго агуулсан энэ Ажлын хэсэг салбарын хуульд нэгэнт гар хүрснийх амьдрал дээр гажууддаг зарим зүйлсийг ч бас залруулаад авах сонирхлоор нэлээд нухацтай сууж буй. Өөр нэг төсөл нь С.Ганбаатар гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төсөл. Гол агуулга нь Стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг хөрөнгө оруулагч талд өгч, оронд нь тусгай зориулалтын төлбөр авахыг зохицуулсан тусгай роялтийн заалтыг хасах тухай байсан юм.
Харин одоо С.Ганбаатар гишүүний боловсруулсан төслийг Уул уурхайн яам дээр сууж буй Ажлын хэсгийн төсөлтэй нэгтгэн, уялдуулах ерөнхий чиглэл явж байгаа бололтой. MMJ сэтгүүлийн өмнөх дугаартаа танилцуулсан хуулийн төслүүдийн агуулга хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг түр зогсоосон нөхцөл байдлын улмаас хуулийн өөрчлөлтийг яаравчлан боловсруулах, өргөн барьж батлуулах шаардлага бий билээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлыг цэгцлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг уул уурхайн компани төдийгүй орон нутаг ч хүлээж байна.