Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Засгийн газарт доллар хэрэгтэй

The Mongolian Mining Journal, 2 дугаар сар, /№ 002, 087/
С.Болд-Эрдэнэ


Зургаас та 5 жилийн хугацаатай Чингис бондын өгөөж 13.86%-ийн хүүтэй болсныг харж байна. Нэгдүгээр сарын 10-ны үеэр 8.5% орчим байсан өгөөжийн хүү огцом өсчээ.  Арванхоёр оны 12 дугаар сард 1.5 тэрбум долларын Чингис бондыг гаргахад 3 дахин их захиалга ирлээ хэмээн сагсуурч байсан цаг ердөө 3 жилийн өмнө. Гурван жилийн дараа хүү нь 3 дахин өссөн төдийгүй хөрөнгө оруулагчид Монголын Чингис бондоос зайгаа барих болж. Мөн өнгөрсөн жил Хятадын зах зээлд гаргасан Дим сам бондын өгөөж дээрх хугацаанд 12%-14%-д хүрч өссөнийг харж болно. Чингис бондын хүү өссөн шалтгаан нь Засгийн газрыг огцруулах бичиг байв. Хэдий Засгийн газар тогтож үлдсэн ч бондын хүү дагаад буурсангүй. Мяньмар, Вьетнам гээд манайхтай зэрэглэл ойролцоо улсуудын бондын хүүгээс харьцангуй өндөр Чингис бондын хүүг хөрөнгө оруулалтын менежерүүд “ломбардын хүү” хэмээн тодотгож байна.

Ийм үед Засгийн газар дахин бонд гаргахаар завдаж буй нь сонгуулийн өмнөх популизмыг хэрэгжүүлэхийн тулд гэсэн ганцхан тайлбараар “зөвтгөгдөнө”. Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод гадаад зах зээлд дахин бонд гаргах орон зайг бий болгож чадсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Засгийн газрын өр гэдэг тодорхойлолтод зарим нэг өөрчлөлт оруулж, дахин бонд гаргах орон зайг бий болгож өгсөн юм. Одоо тэр орон зайг ашиглахыг тэчьяадан хүсэмжилж байна.

Сар шинийн баярын өмнөхөн Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гаргах гэж байсан бонд бүтэлгүйтснийг хүлээн зөвшөөрсөн. Засгийн газар 700 сая долларын бонд гаргахаар хөрөнгө оруулагчидтай хийж байсан хэлэлцээрээ хүү нь 10% давангуут зогсоохоос өөр аргагүй болов. Гэсэн ч дахин хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж эхэлсэн бололтой. Дээрх 700 сая долларын 500 саяыг 2018 оны 1 дүгээр сард төлөх Чингис бондын эргэн төлөлтөд, үлдсэн 200 саяыг нь төсвийн алдагдалд зарцуулна хэмээн тооцоолжээ. Харамсалтай нь хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт дахин хямд үнэтэй мөнгө өгөхгүй болсныг Чингис бондын өгөөжөөс харж болно. Анх Чингис бондыг босгохдоо төмөр зам, Тавантолгой болон бусад цахилгаан станц, Сайншандын аж үйлдвэрийн паркт зарцуулна хэмээн хөрөнгө оруулагчдыг итгүүлж чадсан билээ. Гэвч өнөөдөр төмөр зам, цахилгаан станцын аль аль нь алга. Сайншандын аж үйлдвэрийн парк бүр сураггүй.  Монголд итгэж бондыг нь авсан хөрөнгө оруулагчид хулхидуулсан гэж бодож байгаа биз. Мөн өнгөрсөн 9, 10 дугаар сард хүү 7% орчимд байхад бондоо гаргачихъя гэсэн яриа гарч байсан ч хүү хэтэрхий өндөр гээд ойшоогоогүй.

Өдөр хоног өнгөрөхийн хэрээр эрх баригчдын нүдэнд өндөр хүү бус авах мөнгө нь тод харагдах болжээ. Хүү өндөр байх эсэх нь огтоос падлийгүй. Арга барсан үед өнгөтэй өөдтэйгээ бариад ломбард руу явдагтай л адил байдалд Засгийн газар байна. Засгийн газарт доллар хэрэгтэй. Өдий хүртэл хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга гээд халамжийн мөнгөө олгож чадахгүй байгаа, ипотекийн 5%-ийн зээлийн санхүүжилт, түүнийг дагасан долларын өсөлтийг хазаарлах гээд олон асуудлын хариулт нь их хэмжээний доллар олж ирэх болчихоод байна. Товчхондоо бонд гаргаж доллар олж ирэх нь сонгуульд ялах, ялагдахтай шууд холбоотой болохоор “ломбардын хүү” сонин биш. Амиа аврахын тулд аргагүйн эрхэнд хийж буй алхам.

Нөгөө талд, Монголбанк валютын ханшаа алдчихгүй байхад Засгийн газрын бонд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Он гарсаар эхний сар хагасын дотор 280 гаруй сая долларын интервенц хийсэн нь долларын ханшийг харьцангуй тогтвортой барьж байна. Гэхдээ төв банкны валютын албан нөөц буурч байгаа. Өнгөрсөн оны төгсгөлд 1.3 тэрбум доллар байсан. Цаашид долларын ханшийг барихад валютын нөөц нь яагаад ч хүрэлцэхгүй нь тодорхой юм. Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаа “Засгийн газар ойрын үед олон улсын зах зээлээс 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллар босгохоор идэвхтэй ажиллаж байгаа. Долларын ханш энэ онд харьцангуй тогтвортой байна” хэмээн ярьснаас үзвэл Засгийн газрын гаргах бондод хэр найдвар тавьж байгааг харж болно.




Засгийн газарт бонд гаргахаас өөр богино хугацаанд орж ирэх бодитой валютын урсгал алга. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт гээд том хүлээлт буй ч гол хөрөнгө оруулалт оны сүүлийн хагаст орж ирэх бололтой. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн гэнэн мөрөөдөлд автаад бүр ч нэмэргүй. Энэтхэг, Хятадын нэг тэрбум долларын зээлийн амлалт байгаа, түүний хойноос уйгагүй хөөцөлдөж буй ч аль аль нь сонгууль өнгөртөл харзная гэсэн байр суурьтай байгаа бололтой.

Бондын мөнгө ганцхан валютын ханшийг барихад шаардлагатай байгаа юм биш. АН-ын даргын өгсөн ипотекийн зээлийг 5% болгох тушаалыг биелүүлэхийн тулд Монголбанкинд доллар хэрэгтэй. Найман хувийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн тэр л технологио ерөнхийд нь Төв банк дахин давтах гэж байна. 2013 оны 4 дүгээр сарын 30-нд Засгийн газар журам баталснаар 8 хувийн зээл хэрэгжиж эхэлсэн. Чингис бондын 1.5 тэрбум долларыг валютын нөөц дээрээ нэмсэн Монголбанк шууд л төгрөг хэвлэсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 2.8 их наяд орчим төгрөгийг хэвлэж, 8%-ийн зээлийг санхүүжүүлээд байна. Зах зээлийн хүү нь 15-16 хувь байхад хоёр дахин бага хүүг цэвэр татаас байдлаар санхүүжүүлсэн нь тодорхой. Валютын албан нөөц нь 4 тэрбум доллар байсан болохоор 3 их наяд төгрөгийг зоригтой хэвлэж гаргасан. Харин үүний үр дүнг 3 сая монголчууд хөгшид хүүхэдгүй үзэж байна. Найман хувийн зээл эхлэхэд долларын ханш 1430 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2030 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн үнэгүйдэл, инфляцийн өсөлтийг цалингийн өсөлттэй харьцуулвал 80 мянган айлыг 8%-ийн зээлд хамруулах гэж 3 сая монголчууд бүгд “торгуульсан”-ыг түвэггүй ойлгоно. Энэ яахав. Өнгөрсөн явдал.

Тэгвэл өнөөдөр энэ байдал дахин давтагдаж байна. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 800 гаруй тэрбум төгрөг болж, нийт зээлийн 7.6%, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ мөн л 800 гаруй тэрбум төгрөг болж, нийт зээлийн 8% орчмыг эзэлж байна. Бас болоогүй нийт мөнгөний өсөлт хасах утга руу шилжчихсэн гээд харвал Төв банк зах зээл рүү дахин мөнгө нийлүүлэх шаардлагатай болж байна. Харин тэдний валютын нөөц ердөө тэрбум гаруй доллар. Ийм үед 5%-ийн зээлийг санхүүжүүлж, дахиж мөнгө хэвлэвэл долларын ханш улам л цойлох болно. 2100 гэдэг тийм ч өндөр ханш биш болж мэднэ. Долларын ханшийг дагаад инфляци  өснө гээд сөрөг үр дагавар олон гарна. Мэдээж сонгуулийн санал хураах өдөр доллар 2100 төгрөг давчихаад байхад биднийг улам олуулаа болгож өгөөч гэх АН-ыг дугуйлах сонгогч хэр олон байх бол?
Ингэхээр л Засгийн газарт “Ломбардын хүү”-гээр ч хамаагүй бонд гаргах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Ингэж байж тэд популизмаа санхүүжүүлж, сонгуульд орох нүүртэй үлдэнэ.