Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Зургаа дахь жилийн “Mongolia Mining 2016” үзэсгэлэн алтны салбарыг онцолно

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining” үзэсгэлэн 6 дахь жилдээ Улаанбаатар хотноо 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг онцлогтой. Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын нэр хүндтэй компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцохоос гадна хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэгэн том талбар юм. Тиймдээ ч “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр ажил хэрэгчдийн хувьд эрэлт хэрэгцээтэй, нэр хүндтэй, чухал арга хэмжээний нэг болж чадсан билээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, зохион байгуулалтын талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа. 

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн өнгөрсөн он жилүүдийн үр дүнг Та хэрхэн тодорхойлох вэ?

Үзэсгэлэнгээ анх 2011 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Зургаа дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд оролцогчдын тоо, хамрах хүрээ, ач холбогдлын хувьд ямагт өссөөр өдгөө Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болсонд сэтгэл дүүрэн байгаа. 

Mongolia Mining үзэсгэлэнд оролцохын давуу тал юу вэ?

Энэ арга хэмжээний онцлог нь уул уурхайн материал, техник, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлдэг компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбарынханд танилцуулах боломж олгодог. Өөрөө хэлбэл, уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цугларч, уул уурхайн салбарынханд зориулан хамгийн үр дүнтэй сурталчилгааг хамтдаа хийдэг гэсэн үг. Нөгөө талаар, уул уурхайн компаниудад гадаадын улс орноор явж цаг, мөнгөө үрэхгүйгээр хэрэгтэй тоног төхөөрөмж, бараа үйлчилгээний сорсинг хийх боломж олгодог.

Өнөө жилийн үзэсгэлэнгийн онцлог юу байх бол?

Энэ жилийн хувьд техникийн үзэсгэлэнгээс гадна бодлогын семинарууд нэлээд идэвхтэй зохиогдоно. Гэхдээ энэ салбарт болдог хөрөнгө оруулалтын чуулгануудаас шинж чанар, агуулгын хувьд өөр байх болно. Салбарын бодлого, хэрэгжиж буй төслийн талаарх хэлэлцүүлэг, мөн уул уурхайн томоохон компаниудын хэрэгжүүлэх төсөл, худалдан авалтын төлөвлөгөөний танилцуулга хийж, уул уурхайн салбарынханд цаашдын ажлаа төлөвлөхөд шаардлагатай мэдээллүүдийг өгөх юм. Ийм семинарууд үзэсгэлэнгийн хүрээнд гурван өдрийн турш тасралтгүй зохиогдоно. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа төрийн бодлогоос ихээхэн хамааралтай явдаг учир салбарынхан энэ чиглэлийн асуудлыг анхааралтай ажиглаж байдаг. Уул уурхайн сайд Р.Жигжидийг арга хэмжээний нээлтэд оролцохыг урьсан байгаа.  
      
Энэ удаагийн үзэсгэлэнгийн анхаарал татах оролцогч нь “Оюутолгой” компани байх болов уу? 

"Оюутолгой" компани энэ жилээс манай арга хэмжээг дэмжин оролцож байгаа. Үзэсгэлэнгийн үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгнө. Түүнчлэн, “Оюутолгой” компани худалдан авалтынхаа төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөсөн байгаа. 

Монгол улсын эдийн засаг төдийгүй дэлхийн түүхий эдийн зах зээлд таагүй байдал үргэлжилж буй сонирхолтой цаг үед 6 дахь үзэсгэлэн зохиогдох гэж байна. Бүртгүүлсэн компаниудаас ямар чиг хандлага ажиглагдаж байна вэ? 
   
Сүүлийн 2-3 жилд эдийн засаг, ялангуяа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр хумигдаж, зарим уурхайнуудын үйл ажиллагаа зогссон хэдий ч Mongolia Mining үзэсгэлэн тасралтгүй зохион байгуулагдаж байна. Ингэснээрээ уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн байгууллагуудыг хооронд нь холбож, ажил хэргээ хэвийн явуулахад нь дэм болж, өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа болов уу.

Оролцогч компаниудын чиг хандлагын тухайд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд буй “Оюутолгой” компани үзэсгэлэнд оролцох нь гадны уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын сонирхлыг ихээхэн татаж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”, “Шивээ-Овоо” зэрэг төрийн өмчит уурхайнууд худалдан авалтын төлөвлөгөөгөө танилцуулна. Мөн Гацууртын алтны ордын олборлолт хэдийд эхлэхийг оролцогчид анхааралтай ажиглаж байна. Дашрамд хэлэхэд, энэ удаагийн үзэсгэлэн алтны салбарыг нэлээд онцолж, ач холбогдол өгч байгаа. Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэлийн талаар тодорхой бие даасан семинар болно.  

Ер нь эдийн засгийн бэрхшээлтэй үед бизнесийн байгууллагууд огт шаардлагагүй илүүдэл өөхнөөсөө салж, амин чухал маркетингийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, технологио шинэчлэх замаар хямралыг давдаг. Хамтын маркетингийн давуу тал, технологио шинэчлэх боломж олгодог манай үзэсгэлэнд оролцсон нь харин ч хождог тул үзэсгэлэнгийн талбай ямагт дүүрэн байсаар ирлээ.

Үзэсгэлэн нээгдэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар хэчнээн компани бүртгүүлээд байна вэ? Ямар орнуудаас компаниуд оролцох төлөвтэй байгаа вэ?

“Mongolia Mining” үзэсгэлэнг Улаанбаатар хотод үзэсгэлэн зохион байгуулах хамгийн том байгууламж болох Буянт-Ухаа цогцолборт хийнэ. Үзэсгэлэнгийн зай талбай, багтаамжийн хувьд ойролцоогоор 100 гаруй компани оролцох бололцоотой. 80 гаруй хувь нь бүртгэлээ баталгаажуулан, үзэсгэлэнгийн бэлтгэлээ хийж байна. Үзэсгэлэнд сүүлийн 3-4 жил БНХАУ, ОХУ, Канад, Герман, АНУ, Англи, Австрали, Япон, Беларусь, Чех зэрэг дэлхийн уул уурхайн салбарын голлох орны компаниуд тогтмол оролцож ирсэн. Энэ удаад ч мөн адил. Шинээр Голланд, Швед зэрэг орноос компаниуд оролцоно. Ер нь дэлхийн уул уурхайн салбарын ханган нийлүүлэгч компаниуд Монгол улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн зах зээлд гарах гол сувгаа “Mongolia Mining” үзэсгэлэнг гэж хардаг болсон гэхэд болно.

Энэ жил уул уурхайн зарим томоохон арга хэмжээ, үзэсгэлэнгүүд нэгдэж зохион байгуулагдах тал ажиглагдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

Манай уул уурхайн салбарын цар хүрээ, ажиллаж байгаа хүний тоо зэргийг авч үзвэл олон том арга хэмжээ зохион байгуулахаар биш л дээ. Тиймээс аль болох нийлж нэгдэн, чанартай цөөн арга хэмжээ зохион байгуулах нь зөв гэж би хувьдаа үздэг.         

Аливаа үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудгүйгээр төсөөлөх аргагүй. “Mongolia Mining” үзэсгэлэнгийн түнш байгууллагуудыг танилцуулахгүй юу?

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, МҮХАҮТ манай үзэсгэлэнг ямагт дэмжиж ирсэн. Өнөө жил "Оюутолгой" ХХК биднийг дэмжин, дэмжигч байгуулагчаар ажиллаж буйд бид туйлын баяртай байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани үзэсгэлэнгийн маань хамтран зохион байгуулагчаар тогтмол оролцож, дэмжин ажиллаж ирсэн. Энэ удаад ч үзэсгэлэнд оролцож, Монголын уул уурхайн салбарын ойрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаарх мэдээллийг гадны оролцогчдод хүргэх боломжийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн Doosan брэндийг нийлүүлэгч "Эвэрдигм Монголиа" ХХК манай үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр, Caterpillar брэндийг нийлүүлэгч “Вагнер Ази” ХХК үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр, Английн "Goodwin group" үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буйд талархаж байна. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтарч ажилладаг бүх байгууллагууд, ялангуяа Монголиан Майнинг Журнал /The Mongolian Mining Journal/ сэтгүүлийн хамт олонд биднийг үргэлж дэмжсээр ирсэнд гүнээ талархъя. 

Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компани нь “Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарт өөр ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компани нь “Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын хамтын ажиллагааны өөр бусад арга хэмжээг зохион байгуулдаг.

БНХАУ-ын “Tianjing International mining exchange” байгууллагатай манай компани стратегийн түншлэлийн хүрээнд ажилладаг. Тяньжины уул уурхайн биржийн үйл ажиллагаа нь нэг талаар уул уурхайн хөрөнгө оруулалтыг зуучилдаг. Нөгөөтэйгүүр, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийг биржээрээ дамжуулан авч, цааш нь хэрэглэгчдэд хүргэдэг нэг ёсны худалдааны зуулчлал хийдэг. Энэ байгууллагатай манай компани хамтран ажилласнаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр тус биржээр борлуулахад оролцон ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай уул уурхайн ордын төслүүдийг Хятадын хөрөнгө оруулагчдад сурталчлах ажлыг “Майнэкс Монголиа” компани Тяньжины уул уурхайн биржтэй хамтран өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд тодорхой хамтын ажиллагаа үүсээд явж байна.

Түүнчлэн гадаадын уул уурхайн байгууллагуудтай харилцаа тогтоох, туршлага судлах, MINExpo International зэрэг дэлхийд нэртэй том уул уурхайн үзэсгэлэнд Монголын компаниудыг зохион байгуулалтайгаар оролцуулах зэрэг ажлыг хийдэг.  

Ярилцсанд баярлалаа.

Э.Оджаргал
          

  • Зочин (73.158.236.36)
    Zaluu medleg bolovsrol undurtei iim zaluus businessman uud ih garch irj bgaad mash ih bayartai bna Mash ih demjij bnaa
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.94.63)
    зөв шүү
    2016 оны 03 сарын 09 | Хариулах