Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Өнөөдөр бол алдаагаа засах цаг юм



Уул уурхайн засаглалын хүрээлэнгийн дарга Б.Түвшинтэй ярилцлаа.


Н.Ариунтуяа

Уул уурхайн засаглал хэмээх нэр томьёоноос яриагаа эхэлье? Энэ ойлголт ямар асуултуудад хариулт өгөх ёстой вэ?
Өнгөрсөн арав гаруй жилд түүхий эдийн үнийн супер мөчлөг тохиосон ч 2012 оноос уналтад орсон. Ийм мөчлөг сүүлийн 200 жилд 6 удаа, 100 жилд 4 удаа тохиожээ. Манайхтай ижил хөгжиж буй, ардчиллыг шинээр тогтоон бэхжүүлж буй, байгалийн баялгийн орлогодоо түшиглэж эдийн засгаа авч явдаг улс орнууд эдийн засгийн хувьд хүнд цохилтод орж, хямралын байдалтай байна. Тэд уул уурхай, газрын тосны салбарын хамаарал, үүсч болох үнийн савлагаанаас урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт, бодлогогүй явж ирснээс эдийн засгийн хувьд“Голланд өвчин”-д нэрвэгдэж, нийгэм улс төрийн хувьд “Баялгийн хараал”-д өртөж, үр дүнд нь улс орон бүхэлдээ хөгжлийн хувьд хүнд байдалд орлоо. Үүнд Ази, Африк, Латин Америкийн олон орныг нэрлэж болно. Харин ардчилал, хуулийн засаглалыг институцийн хувьд харьцангуй эртнээс бэхжүүлсэн улсууд үнийн савлагаанд тогтвортой байж, супер мөчлөгийн үед ихээхэн хуримтлал хийж чадсаны жишээ нь Норвеги юм.

Тиймээс байгалийн баялагтай улс орнууд эдийн засгийнхаа цөм болсон уул уурхайн салбарын засаглалыг бэхжүүлснээр улс орны тогтвортой хөгжлийн суурь хангагдана гэж үзэж, үүнээс үүдэн уул уурхайн засаглал хэмээх нэр томьёо гарч ирсэн төдийгүй энэ нь бүхэл бүтэн академик нэршил болж байна. Олон улсын томоохон байгууллагууд, эрдэмтэн судлаачид ч байгалийн баялагтай хөгжиж буй орнуудад чиглэсэн “Баялгийн хараал”-ыг хариулах бодлогын судалгаа, арга зүй боловсруулж, уул уурхайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх боллоо.

Ер нь байгалийн баялагтаа түшиглэсэн эдийн засагтай орнууд уг баялгийнхаа мөн чанарыг нь маш сайн ойлгож, түүндээ таарсан хөгжлийн бодлоготой байх ёстой. Байгалийн баялаг бол хөгжлийн боломж гарцаагүй мөн боловч олон бэрхшээл, асуудлыг дагуулдаг. Үндсэн ямар асуудлууд байдаг талаар тоймлон дурдъя.

Нэгдүгээрт, байгалийн баялаг бол шавхагдах нөөц. Тиймээс ашиглалт нь тухайн цаг үеийн хоол болоод дуусч болохгүй.Энэ цаг үеийнхэн төдийгүй дараа үедээ өгөөжтэй байх ёстой. Тухайлбал эдийн засаг, санхүүгийн чадавхиар, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлөөр, мөн бусад салбарын хөгжлийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргээр үр өгөөжөө үзүүлэх ёстой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн орлого нь үр өгөөжгүй хөтөлбөр, сонгуулийн янз бүрийн амлалтаар агаарт цацсан мэт алга болж болохгүй, газрын доорх баялаг нь газар дээр гараад үр ашигтай өөр капиталд хэлбэрээ өөрчилж шилжилт хийх ёстой л гэсэн үг.

Хоёрдугаарт, түүхий эдийн үнэ өөрөө тогтворгүй шинж чанартай. Тогтворгүй учраас мөчлөг дагасан төсөв сангийн бодлого яваад байдаг. Хөгжиж байгаа улсууд ихэнхдээ тэгж явж ирсэн. Манай улсын төсөв ч гэсэн мөчлөгөө дагаж явж ирлээ. Үнэ өсөх үед зардлаа нэмэгдүүлээд, унах үед хатуу газардахгүйн тулд бонд босгох байдлаар мөчлөгийг дагадаг. Үр дүнд нь хуримтлал, эдийн засгийн чадавх бус хуримтлагдсан өр ба төлбөрүүдийн дарамтууд бий болдог. Тиймээс мөчлөг дагасан сангийн бодлого бол хамгийн буруу юм. Үүнийг галзуу хулгана дээр суусантай жишдэг. Улс орноороо галзуу хулгана дээр суучихжээ гэж ярьдаг. Угтаа бол үнэ өсч, уруудах аль ч үед төсөв сангийн бодлого тогтвортой байх ёстой. Мөчлөг сөрсөн бодлогын талаар “Нартай өдрүүдэд хуримтлуулж, бороотой өдөр зарцуул” гэсэн үг бий. Уул уурхайн орлого ба галзуу хулганы талаар Засгийн газар төдийгүй энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн ч бодох ёстой асуудал.

Гуравдугаарт, байгалийн баялаг ба технологийн хоцрогдлын асуудал. Байгалийн баялаг байнгын хэрэглээтэй байна гэсэн баталгаа үгүй. Энд нэг жишээг их ярьдаг. “Адагт үлдсэн тэрбум” номоороо дэлхийд алдаршсан Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер ч ярьж байсан. 1920 он хүртэл Чили улсын татварын орлогын бараг тэн хагас нь нитрат гэх бордоонд хэрэглэдэг бодисоос орж ирдэг байж. Германы эрдэмтэн 1920 онд синтетик аргаар бордоо боловсруулах технологи гаргаснаар Чилийн зардаг нитратын хэрэглээ байхгүй болчихсон. Татварын орлогын тэн хагасыг бүрдүүлдэг салбар нь тэр чигтээ унаад, дахин хэзээ ч сэргээгүй. Түүнтэй адил байгалийн нөөц баялгаа үүрд орлого өгнө гэж харж болохгүй болчихоод байгаа юм.

Удаах нь баялгийн хараал хэмээх асуудал. Энэ нэр томьёо сүүлийн 20 жилд өргөн хэрэглэгдэж, судлагдаж байна. Баялгийн хараал гэх ойлголт академик нэршлийн хувьд “Голланд өвчин” буюу эдийн засгийн эффект, мөн улс төрийн эффект гэсэн хоёр асуудлыг агуулдаг. Уул уурхайн салбарын үнийн өсөлттэй үед ихээхэн хэмжээний мөнгө эдийн засагт орж ирснээр эдийн засгийн бусад салбарын ажиллах хүч, нөөцийг шавхах байдлаар дотоодын үйлдвэрлэлийг уналтад оруулах эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтийг хөөрөгдөх байдлаар дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг унагах тухай эдийн засгийн ойлголт. Манай улсын хувьд нэг талаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өсөх биш унаж байгаа ч нөгөө талаар бид хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг урд хөршөөс импортоор авч байгаа нь өнгөрсөн арваад жилд уг өвчний эффект явагдсаны илрэл гэж хэлж болохоор юм.

Улс төрийн асуудлын хүрээнд гэвэл сайн засаглал бэхжээгүй оронд газрын доорх томоохон нөөцийг илрүүлэх нь улс төрийн хувьд олон асуудал, сорилтыг үүсгэдэг тухай юм. Тухайлбал, улс төрийн зөрчил, тогтворгүй байдал, нийгмийн тэгш бус байдал, шударга бус байдал, хүчний төвлөрөл үүсэх гэх мэт. Улс төрийн эффектээс шалтгаалан уул уурхайн орлого нь үр ашигтай капитал болохын оронд улстөрчдийн улс төрдөө оршин тогтнохын төлөө дуугарсан үр ашиггүй амлалтын төлбөр болдог. Олон орны төлөөлөгч оролцсон уул уурхайн засаглалын сургалт дээр манай 2008 оны сонгуулийн амлалтын талаар хамгийн муу жишээ болгон, нүүр улайтал ярьж байсныг нуух юун.

Мөн нөөцийг хэн хянана, тэр хүчийг барина. Тиймээс эрх мэдлийн төлөөх улс төрийн хүчнүүдийн зөрчилдөөн хурцдаж, энэ нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Байгалийн нөөц дагасан улс төрийн зөрчил улс орны дотоод улс төрд төдийгүй олон улсын түвшинд ч адилхан өрнөдөг. Тухайлбал, үүнд АНУ-ын Ойрхи Дорнодод явуулж буй эцэс төгсгөлгүй дайн, зөрчил, мөргөлдөөнийг дурдаж болно.

Эцэст нь байгаль орчны асуудал. Олборлох үйл ажиллагаа гэдэг байгалийг хөндөж л байгаа учраас ямар ч тохиолдолд байгаль орчинд тодорхой түвшинд хор хохирол учруулж байдаг.

Иймд, байгалийн баялаг дээр түшиглэсэн эдийн засаг, бизнес гэдэг уг язгуураараа тогтвортой биш юм. Байгалийн баялаг шавхагдаж дуусна, үнэ нь байнгын хэлбэлзэнэ, технологийн дэвшлээр үнэгүйдэж болно, нийгэм, улс төрийн хувьд зөрчилдөөн үүснэ, байгаль орчин сүйтгэгдэнэ гэх мэт. Тиймээс эдгээр сорилтыг зөв удирдаж тогтвортой хөгжлийг бий болгохын тулд Уул уурхайн засаглалын асуудал яригдаж байна.

Уул уурхайн засаглалыг бэхжүүлэхэд сайн хууль эрх зүйн орчин, сайн шийдвэр гаргах чадавхтай институциуд, мэдээлэл бүхий иргэд чухал. Үүнийг уул уурхайн засаглалын гурвалжин гэдэг. Энэ гурвалжинг хэр бат бэх босгож чадахаас уул уурхайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад уул уурхайн орлогоос иргэддээ “наалдсан”, тогтвортой хөгжлийг бий болгох асуудал шалтгаалах юм.

Өнгөрсөн арав гаруй жил хөгжиж байгаа улсуудын хувьд хөгжлийн том боломж байсан. Гэвч энэ мөчлөгийг төдий л сайн ашиглаж чадаагүй. Тиймээс олон улсын том байгууллага, эрдэмтэд яг энэ үеийг алдаанаасаа сурах цаг гэж тодорхойлж байна. Шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, дараагийн өсөлтөд бэлдэх ёстой. Үнэ өсдөг, унадаг зүй тогтолтой тул дараагийн өсөлт ирнэ. Харин хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр бол алдаагаа засах цаг мөн гэж үзэж байна.    

Тэгвэл засаглалын мөн чанарыг юу гэж тайлбарлах вэ?
Засаглал гэдэг нь улс орнуудын шийдвэр гаргах гинжин хэлхээ юм. Хайгуул хийж баялгаа нээн илрүүлэхээс эхлээд хамгийн сүүлд тогтвортой хөгжилд хүрэх хүртэлх замналд улс орнууд ямар шийдвэрүүд гаргах вэ гэдэг жор. Хайгуулын ач холбогдол нь улс орон өөртөө юу байгааг мэдэж авдгаараа чухал. Ашиглалт магадгүй хоёр, гуравдугаарх асуудал байж болно. Нөөц баялгаа мэдсэн мэдээлэл бүхий Засгийн газар сайн хэлцэл хийх суурьтай болдог. Засгийн газарт мэдээлэл дутуу үед хөрөнгө оруулагчид давуу тал үүснэ.

Хайгуул хийж, нөөц тогтоосны дараа лицензийн асуудал яригддаг. Манайх түрүүлж ирсэнд нь гэсэн системээр лиценз олгож ирсэн. Манайтай ижил ийм системтэй олон орон байна, ялангуяа Африкт. Энэ системийг хамгийн буруу гэж үздэг.
Хамгийн зөв хувилбар нь өрсөлдөөнт байдлаар үнэ хаялцуулах систем. Ингэснээр төр өөрт байгаа баялгийн хамгийн бодит үнэлэмжийг гаргаж ирдэг. Дээрээс нь өрсөлдөөнт байдлаар явж байгаа учраас хэн авч байгаа мэдээллийн ил тод байдал хангагдана. Улмаар иргэдэд ч хяналт тавих бололцоо бий болно гээд олон давуу талтай.

Лизенз олгосны дараа хөрөнгө оруулагч орж ирнэ, хэлцэл хийнэ. Ордыг эргэлтэд оруулж, орлого орж эхлэхээр татварын асуудал яригдана. Улс орон нэгэнт л уул уурхайн салбар дээр эдийн засаг нь явж байгаа бол татварын маш сайн системтэй байх ёстой. Засгийн газар тухайн бизнесээс татвар авч болох орлогыг эдийн засагт “рент” гэж нэрлэдэг. Тэгэхээр уул уурхайн салбар бусад салбартайгаа харьцуулахад үлэмж том рентийг бий болгодог учраас тухайлсан татварын систем хэрэгтэй талаар Оксфордын их сургууль дээр яригдаж байсан. Уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэлийг татварын нэг системээр авч явах боломжгүй.

Түүний дараа нэгэнт шавхагдах нөөцтэй, үнэ тогтворгүй тул улс орон хуримтлал хийх асуудал гарч ирнэ. Үүнд баялгийн сангийн асуудал яригддаг. Манайд баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулагдаад өргөн баригдчихсан байгаа. Одоо цаашаа ажил хэрэг болгоод явах шаардлагатай. Хөгжиж буй орнуудын хувьд нийгэм эдийн засгийн тулгамдсан хэрэгцээ их учраас өнөөдрөөс шууд хэрэглээгээ танаад хуримтлал хийнэ гэдэг хэцүү. Гэвч хуримтлал хийх механизм нь мөнгөтэй болох тэр цаг үеийг хүлээхгүйгээр эрх зүйн хувьд, мөн институцийн хувьд биежээд, чадамжийн хувьд сайжраад явж байх нь чухал юм. Харин ирээдүйд бэлдэж хуримтлалын сайн механизм бий болгохын хажуугаар өнөөдрийн орлогоо дотооддоо оновчтой удирдах чадавхийг бий болгох асуудал бас байна.

Өөрөөр хэлбэл, дотоодын хөрөнгө оруулалт үр ашигтай байхын тулд үр ашигтай төслүүдээ бэлддэг чадамж бүхий бүтцийг бий болгоход мөн хөрөнгө оруулах ёстой юм билээ. Тухайлбал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайн зохион байгуулдаг, зөв төслүүдийг шалгаруулдаг, бэлддэг тогтвортой бүтэц хэрэгтэй гэж олон улсын байгууллагууд үздэг. Маш олон оронд “PPP unit” гэж бүтцийг Ерөнхий сайдын дор эсвэл Сангийн яамд байгуулж, ажиллуулдаг.

Манайд Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхдаа Засгийн газрын төслүүдийг нэгтгэж, Концессын төслүүд гээд урт жагсаалт гаргасан байсан. Яамны хувьд маш олон ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байсан байх. Харамсалтай нь төслүүдийн хувьд ямар ч эрэмбэ байгаагүй гэж би хувьдаа боддог. Алийг нь түрүүлж хэрэгжүүлэх, манай эдийн засагт бололцоотой, тулгамдсан нь аль юм гэдгээ эрэмбэлсэнгүй. Дээрээс нь яам нь байхгүй болчихоор өнөө төслүүд, түүн дээр ажиллаж байсан, чадавхижиж байсан мэргэжилтнүүд хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Иймд хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлдэг, бэлтгэдэг мэргэжлийн бүтэц байхгүйгээр улстөрчдийн лоббигоор “аз” нь таарвал сайн хөрөнгө оруулалт болж, эсвэл үр ашиггүй төслүүдэд хөрөнгө цацах асуудлууд гардаг. Явсаар энэ бүх асуудал засаглалтай холбогддог учраас “Уул уурхайн засаглал” гэсэн нэр томьёо яригдаад байгаа юм.

Олон улсын ямар байгууллага, эрдэмтэд энэ чиглэлээр ажиллаж байна вэ?
Тайлагнал, ил тод байдлын хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачилга 2003 оноос ажиллаж байна. Харин засаглалын хувьд олон улсын Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн тухайлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хүрээлэн Оксфорд, Колумбын их сургууль, Төв Европын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиудтай хамтран байгалийн нөөц, уул уурхайн засаглалын чиглэлээр хөгжиж буй улс орнуудын улстөрч, судлаач, эрдэмтдэд зориулсан чадавхийг нэмэгдүүлэх сургалтууд явуулдаг. Миний бие өнгөрсөн жил Оксфордын их сургуульд сургалтад суусан. Энэ жил бусад сургалтуудад үргэлжлүүлэн хамрагдана.

Эрдэмтдийн хувьд “Адагт үлдсэн тэрбум” номоороо алдаршсан Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер болон Колумбын их сургуулийн Жеффри Сакс, мөн Жосеф Стиглиц, Пол Кругман, Томас Пикетти зэрэг уул уурхайн засаглал, байгалийн нөөцийн эдийн засаг болон нийгмийн тэгш байдлын асуудлаар хөндөж ярьдаг дэлхийн том эдийн засагчид бий.

Монгол улсад уул уурхайн засаглалын хувьд сайжруулах ёстой ямар асуудлууд байна вэ? Сайжруулахын тулд хэрхэх ёстой вэ, арга хэрэгслүүд нь юу байх вэ?
Уул уурхайн засаглал нь хайгуулаас хуримтлал хийх хүртэлх шат дамжлагыг бүгдийг хамруулсан цогц ойлголт учраас манай улсын хувьд зарим хэсэгт нь сайн, заримд нь тааруу гээд харьцангуй байж магадгүй. Нийт утгаараа монголчууд байгалийн баялгийнхаа мөн чанар, дагалдаж ирдэг асуудлуудаа мэдэж, түүндээ таарсан зөв бодлого, сайн засаглалтай байх ёстой юм.

Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн дэлхийн улс орнуудын байгалийн нөөцийн засаглалын индексийн судалгааг гаргадаг. Монгол улс хууль эрхзүйн орчны хувьд гайгүй дунд хэсэгт нь явдаг. Ашигт малтмалын хууль батлагдаж, хайгуулын ажил эрчимжсэний үр дүнд уул уурхайн баялгууд нээгдэж, хөгжлийг эхлүүлсэн гэдэг утгаар хууль эрхзүйн орчинг харьцангуй гайгүй гэж үнэлдэг. Мэдээж сайжруулах ёстой асуудлууд бий. Тайлагнал, ил тод байдал зэрэг бусад үзүүлэлтээр доошоо явчихдаг талтай.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн­гээс олон улсын томоохон эрдэмтдийн оролцоо­тойгоор “Natural Resource Charter” хэмээх зөвлөмж материал боловсруулсан байдаг.

12 асуудлаас бүрддэг тус зөвлөмжийн хүрээнд Монголд хэрэгжүүлж болох олон ажил бий. Тухайлбал татвар, нягтлан бодох бүртгэлийн асуудал. “Оюутолгой” төсөл дээр үүссэн татварын маргаан гэхэд л энэ чиглэлээр бидэнд хийх ажил их байгааг харуулж байна. Цаашид татвар тооцох аргачлалын зөрүү өндөр хэвээр байвал дараа дараагийн төслүүд дээр орж ирэх хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт буурах шалтгаан ч болж мэднэ. Өнөөдөр бид Оюутолгойг тойрч нийгмээрээ талцан маргалдах бус уг маргааны суурь нь хаана байгааг оношилж, засвар хийхгүй л бол ирээдүйн олон төслүүдэд ч нийгмээ талцуулсан маргаан, зөрчил гарсаар байх болно. Магадгүй тэр үед маргаан, зөрчил нь бүр хурцдаж ч болох шүү дээ.

Уул уурхайн засаглалын хүрээнд Монгол улсад хийх шаардлагатай асуудлуудын хувьд мэдээж дээр дурдсан баялгийн сан байгуулах тухай асуудал байна. Мөн төрийн өмчит компанийн засаглалын асуудал их чухал. Бид эхлээд төрийн өмчит компанийн тухай ойлголтоо их зөв болгох ёстой юм билээ. Төрийн өмчит гэх статустай байгаагийн зорилго нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж тодорхой нэг бизнесийг хийх гэж байгаа бус харин тухайн бизнесийн цар хүрээ нь өөрөө нийт иргэдийн эрх ашгийг хөндөж буйд л байдаг юм. Тиймээс аль нэг компани авч хийхээр нөгөө тэгш бус байдлын асуудал яригддаг тул төрийн компани нийт ард иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах шаардлага үүсдэг. Гэвч засаглалын хувьд бэхжээгүй хөгжиж буй улсуудад төрийн өмчит компани ашиг олох арилжааны байгууллага гэхээсээ улс төрийн “хэрэгсэл” болчих гээд байдаг. Гэхдээ тухайн төрийн өмчит компани улс төрийн хэрэгсэл болж байгаа нь эсвэл алдагдалтай ажилладаг шалтгаан нь төрийнх л болохоор гэсэн үг биш.

Төр “муу менежер” байх албагүй. Энэ бол цэвэр засаглалын асуудал. Төр ч гэсэн адилхан ашигтай бизнес явуулж болдог. Тухайлбал, Норвегийн “Статойл”-ын жишээ байна. 1960-аад оноос Норвеги болон Англи хоёр улс Хойд тэнгист газрын тосны нөөцөө дундуур нь тэгш хувааж олборлолтоо зэрэг эхлүүлсэн байдаг. 50-иад жил үйл ажиллагаа явуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ адилхан ч олсон орлогын хувьд Норвеги 3 дахин өндөр байсан. Үр дүнд нь 5 сая хүн амтай Норвеги улс “Статойл” компаниараа дамжуулан 1 их наяд доллар давсан хуримтлалтай болсон. “Статойл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд улс төрөөс ангид, бие даасан, цэвэр бизнесийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Тус компанид үзүүлэх төрийн нөлөөлөл зөвхөн хуулийн зохицуулалттай. Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, татвар, орлогоос баялгийн санд хуримтлал үүсгэх, түүний хувь хэмжээг тогтоох гэх мэтээр. Уул уурхай, газрын тосны орлого дээр эдийн засгаа авч явдаг бараг бүх орон тухайн салбартаа томоохон үндэсний төрийн өмчит компанитай. Норвегийн “Статойл”, Бразилийн “Петробрас”, ОХУ-ын “Роснефть”, Колумбын “Экопетрол”, Чилийн “Коделко”, Ботсванын “Дебсвана”, Казахстаны “Казмунайгаз”, Мозамбикийн ENH гэх мэт. Манайд“Эрдэнэс Монгол” байна.

Төрийн өмчит компанийг засаглалын хувьд сайн удирдаж чадвал иргэддээ хүртээлтэй баялгийг бүтээж болно. Үгүй бол эсрэгээрээ “баялаг сүйтгэгч” болно. Манай төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг төрөөс томилогдсон яамдын төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар бүрдүүлдэг. Тиймээс тухайн үед төр барьж буй намын улс төрийн нөлөөлөл, эрх ашиг орж болох талтай. Ер нь төрийн өмчит компанийн засаглал гэдэг өөрөө маш том бие даасан сэдэв юм билээ.
Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх, лиценз олголт, байгаль орчны асуудал гээд Монгол улсад уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай олон асуудал бий.

Уул уурхайн засаглалын хүрээлэн дээрх чиглэлүүдээр тодорхой ямар ажлууд хийх вэ?
Цөөн хүн амтай, харьцангуй арвин байгалийн баялагтай улсын хувьд иргэн бүртээ өгөөжтэй, тогтвортой хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг юм. Харин хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоо, дуу хоолой зайлшгүй хэрэгтэй.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтайн хувьд Монгол улсынхаа уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн боловсруулсан судалгаа, арга зүй, зөвлөмж дээр тулгуурлан тодорхой үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм байна гэж үзэн, мэдлэг туршлагатай хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр Монголын уул уурхайн засаглалын хүрээлэнг байгуулсан. Цаашид уул уурхайн засаглалын хүрээнд дээр дурдсан чиглэлүүдээр тухай бүр дагнасан сургалт, судалгаа явуулах, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж боловсруулж, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

“Natural Resource Charter” хэмээх олон улсын зөвлөмжийн талаар дурдлаа. Мөн улс орнууд өөрийн онцлог, нөхцөл байдалдаа тохирсон зөвлөмж, тунхаг бичиг боловсруулсан жишээ байдаг. Монголд тийм зөвлөмж боловсруулах нөхцөл шаардлага бий юу?
Бий. Энэ талаар уул уурхайн засаглалын хүрээлэн тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа. Natural Resource Charter нь заавал дагаж мөрдөх ёстой зүйл биш, зөвлөмжийн шинж чанартай зарчмын баримт бичиг. Норвегийн загварыг маш сайн гэдэг ч Норвегтоо л тохирсон загвар. Чилийнх Чилидээ л сайн. Улс орон бүр өөрийн онцлог бөгөөд давуу, сул талтай. Бүгдэд тохирсон загвар гэж үгүй учраас өөрийн онцлогийг харгалзсан баримт бичигтэй байх нь зөв. Ингэхдээ дэлхий дээр явж байгаа олон судалгааг ашиглах хэрэгтэй. Гарч буй асуудлуудаас өөрсдийгөө олж харах хэрэгтэй. Тэгээд Монголдоо таарсан зөвлөмжүүд гаргах хэрэгтэй юм.

Улс орон хөгжихөд “тинк танк” буюу бодлогын судалгаа хийдэг байгууллагуудын оролцоо чухлыг М.Энхсайхан сайд байнга хэлдэг. Аливаа Засгийн газар мэдлэг авч үлддэггүй. Тэр мэдлэг нь хүндээ л үлддэг. Тиймээс Засгийн газар гэдэг байгууллага эцсийн дүндээ хийсвэр болчихож байгаа юм. Нэг засаг  солигдонгуут ахиад шинэ хүмүүс бүрдэхээр тэнд явж байсан туршлага, мэдлэг бүгд байхгүй болдог. Тэр туршлага, мэдлэг хүндээ явдаг учраас хүндээ тулгуурласан институци, тинк танк байгууллагууд байх ёстой. Тэдний гаргаж байгаа судалгаа, дэвшүүлж байгаа үлгэр, зарчмыг улстөрчид тусган авснаар залгамж чанар явдаг. Тиймээс бодлогын судалгааны төвүүд их хэрэгтэй юм. Уул уурхайн засаглалын хүрээлэнг байгуулж ажиллахын зорилго нь ч тэр чиглэл рүү л явах.

Асуудал нь өөрөө Монголд хийх ёстой ажил. Сэдэв нь маш чухал. Хийх шаардлагатай маш олон ажил байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ бол дэлхий дээр явж байгаа, судлагдахуунтай нэлээд материалтай учраас энэ хандлагыг Монголдоо эргэлтэд оруулъя. Үр дүнд нь Монгол улс өнгөрсөн 10 жилийн алдаагаа давтахгүй байя гэсэн санаа.

Уул уурхайн засаглалын хүрээлэн ямар байдлаар ажиллах вэ? Одоо ямар хүмүүс бүрдүүлж байна вэ?
Манай байгууллагын хувьд тодорхой хэдэн зарчмуудыг баримталж ажиллана. Нэгдүгээрт, улс төрөөс ангид байх ёстой. Аль нэг улс төрийн намын нөлөөлөл байхгүй байж сая аливаа асуудалд бодитой хандах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, улс төрд тодорхой хэмжээнд нөлөөлөх чадамжтай байхыг эрмэлзэнэ. Тодорхой үйл ажиллагаа явуулаад тэр нь бодитоор сайн засаглалыг бэхжүүлэхэд хүчтэй дуу хоолой болж, нөлөөлөх чадамжтай байх хэрэгтэй. Гуравдугаарт, байгууллага дотооддоо “Chattam House Rule”-ийг баримтална. Энэ нь ярьсан асуудлаар хэн нэг нь гадагшаа улс төр хийж явахгүй гэсэн аливаа “Тинк танк” байгууллагуудын дотроо мөрддөг кодекс юм.

Дээрх зарчмуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахын тулд бид улс төр, академик, бизнесийн өөр өөр төлөөллөөс бүрдсэн баг ажиллана.

Байгалийн баялгаас хараат байдал урт хугацаандаа ямар үр дагавар авчрах вэ?
Хамгийн бодитой байж болох том эрсдэл, аюул бол тусгаар тогтнол. Ингэж хэлэхэд их том сонстох байх л даа. Баялгийн хараалын үр дүнд тэгш бус байдал улам гүнзгийрнэ. Нийгэм дотроо хагараад байна. Энэ асуудал ужгирвал Монголын төр өөрөө хяналт тогтоох, зохион байгуулах чадамжгүй болно. Улмаар төр оршин тогтнох, улс оршин тогтнох асуудал яригдаж болно шүү дээ. Бид баялагтай гэж хараад байдаг, гэтэл баялаг нь баялаг болохгүй, эдийн засагтаа үр өгөөжтэй биш бол ирээдүйд юугаар хоолоо олж идэх вэ гэдэг асуудал үүснэ. Байгалийн нөөц олборлоод эдийн засгийн өөр капитал үүсгэхгүй бол өөр хэзээ юугаар бий болгох вэ?

Өнгөрсөн хугацаанд алджээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ засах ёстой. Ийм хандлага руу явж байгаа нь хамгийн сайн дохио юм. Засахдаа судалгаатай, бусад орнуудын харьцуулалттай, мэргэжлийн түвшинд хийх ёстой юм. Түүндээ олон талын оролцоог хангах ёстой гэж боддог.      
    
3 сая хүнтэй улсад бодох зүйл их байна. 3 сая хүндээ зөв хүртээлтэй байх механизмыг бид судалж, ярих ёстой. Норвегийн Ерөнхий сайд байсан, одоо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргыг илтгэл тавих үеэр Венесуэлээс ирсэн нэг хүн “Манайд төрийн өмчит компаниасаа иргэн бүр хувь эзэмших ёстой гэж ярьдаг, тэр зөв үү” гэж асуухад хамгийн буруу гэж хариулсан байдаг. Нэгдүгээрт, популист бодлого болдог, хоёрдугаарт голланд өвчнийг сэдрээдэг гээд их олон сөрөг жишээг дурдсан байсан.

Компани иргэддээ хувь эзэмшүүлэхээс өмнө хийгдэх чухал асуудал бол төрийн өмчит компани нь засаглалын хувьд арилжааны үйл ажиллагаа эрхэлж чаддаг байх, орлого олдог байх хэрэгтэй. Дараа нь олсон орлогоос төр нь дотооддоо зөв, оновчтой, хүртээлтэй хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Нийгэм эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай зүйлд мөнгө орвол энэ нь иргэддээ хүрч байгаа сайн хөрөнгө оруулалт.

Манайд ч гэсэн 1072 хувьцааг иргэддээ эзэмшүүлнэ гэдэг нь сонсоход гоё боловч иргэддээ хүртээлтэй, тухайн компанидаа боломжтой эдийн засгийн оновчтой бодлого мөн гэдэгт   эргэлздэг. Миний бодлоор энэ нь ард иргэдийн амьдралд бодит үр ашиг авчрах эдийн засгийн бодлого гэхээсээ улс төрийн шийдэл байсан гэж хардаг. Улс төрийн шийдлээр бизнесийг удирдвал бизнес нь орлого олохоосоо өмнө гацаанд ордог.

Тиймээс иргэдээ мэдээлэлжүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Уул уурхай, байгалийн баялаг гэж юу юм бэ, зүй зохистой ашиглах гэж юу юм, төрийн өмчит компани гэж ямар зорилготой байдаг юм, яавал ард түмэндээ хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж чаддаг юм, түүний бизнесийг улс төрөөс яаж салгадаг юм гэсэн мэдээллүүд ард иргэддээ тогтвортойгоор зөвөөр хүрдэг, хэвлэл мэдээллийн байгууллага нь ч энэ чиглэлээр ойлголттой явдаг бол сайн бэлтгэгдсэн суурин дээр улс төрийн шийдэл нь ч зөв явдаг болох юм.



  • Зочин (202.70.37.230)
    ug ni hureelen chin zahiraltai bdg shd darga bish
    2016 оны 03 сарын 15 | Хариулах