ОХУ-ын “Новатек” компани нь байгалийн хий боловсруулах үйлдвэр байгуулах “Ямал” төсөлд өөрийн эзэмшлээс 9,9%-ийг Хятадын “Торгоны зам” санд худалдах хэлэлцээр амжилттай өндөрлөж байна. Хятадын Хөгжлийн банкны бүрэлдэхүүнд багтдаг “Торгоны зам” хөрөнгө оруулалтын сан нь 1,08 тэрбум еврогийн үнээр “Ямал” төсөлд хувь эзэмшихээр болж байна.
“Ямал” нь Оросын байгалийн хийн салбарт олон улсын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжих хоёр дахь том төсөл юм. Эхний төсөл “Сахалин-2”-ыг Японы хөрөнгө оруулалттайгаар Англи-Нидерландын “Shell” болон Оросын “Газпром” компани хамтран хэрэгжүүлж буй.
Оросын Өмнөд-Тамбейн байгалийн хийн орд газарт жилд 16,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Ямал” боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 150 тэрбум рубль юм. Тус үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар “Ямал” төслийн 60%-ийг Оросын “Новатэк”, 20%-ийг Хятадын CNPC корпораци болоод 20%-ийг Францын “Total” компани тус тус эзэмшиж байна.
Э.Од