Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Байгалийн баялгийг зөв ашиглах тухай хэлэлцэж байна

“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын семинар өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус семинарыг Гадаад хэргийн яам, Норвегийн Oslo төв, Нээлттэй нийгэм форум, EBI зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм. Өнөөдрийн семинарт Уул уурхайн сайд Р.Жигжид “Монголын уул уурхайн салбарын бодлого стратеги” сэдвээр Oslo төвийн шинжээч Эйнар Стеенснас, Petrad-ийн төлөөлөл Клаес Рекстен нар баялгийг зөв зохистой ашиглах, баялгийн өмчлөлийн талаар илтгэл тавилаа.

Семинарт Монгол, Норвегиэс гадна Киргиз, Зүүн Тиморийн төлөөлөгчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, ШУТИС, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл Монголын уул уурхайн салбарын хууль эрх зүйн байдал, салбарт тулгарч буй асуудлууд, газрын тосны салбарын түүх, өнөө ба ирээдүйн асуудлаар илтгэл тавилаа.

Пүрэв гаригийн семинарт Зүүн Тимор, Киргизийн төлөөлөгчид өөр өөрсдийн улсын газрын тос болон уул уурхайн салбарын бэрхшээл, боломжийн талаар илтгэл тавих юм. 


Б.Төгс