Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт хаашаа чиглэх вэ?



Э.Оджаргал

Дэлхийн эдийн засгийн “луужин” Хятадын хөгжлийн өсөлт удаашралтай байгаа хэдий ч   2016 оны эхлэл тун ч сонирхолтойгоор өрнөж байна. БНХАУ-ын дарга Си Жинпин төрийн айлчлалаа Арабын орнууд, Исламын ертөнцөөс эхэллээ. Эхний сарын байдлаар Хятадын гадаад хөрөнгө оруулалт Европ, АНУ руу огцом нэмэгдэв. “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөө энэ жилээс хэрэгжиж эхлэх бөгөөд хятадууд хөгжлийн цоо шинэ хувилбарыг сонгож буй сонирхолтой цаг үе тохиож байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард олон улсын анхаарлын төвд хэлцэгдсэн “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөө ирэх 3 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөлөгчдийн Их хурлаар эцэслэн батлагдаж, 26-нд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. 2016-2020 он хүртэлх Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн бодлого, чиглэл бүхий энэхүү төлөвлөгөө нь Си Жинпины удирдлага дор бүрэн хэрэгжих онцлогтой.

Намын XVIII хурал дээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан илтгэлд тэмдэглэснээр, Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2020 он гэхэд 2010 оныхоос хоёр дахин нэмэгдэх аж. 2010 онд Хятадын ДНБ 40 гаруй их наяд юань буюу 6 их наяд ам.доллар байжээ. “13 дахь таван жил”-ийн эцэс гэхэд Хятадын хотуудын нэг хүнд ногдох орлого хамгийн багадаа жилд 40 мянган юань хүртэл, хөдөө тосгодод 12 мянга гаруй юаниар өсөх ёстой болж байна.

Ийм үр дүнд хүрэхэд урьд жилүүдээс илүү хүнд байх болно. Учир нь Хятадын эдийн засгийн   өсөлтийн хурд удааширсан цаг үе тохиогоод байгааг тус улсын шинжээчид онцолж буй. Хятадын удирдагчид эдийн засгийн хөгжлийн чанарыг сайжруулах ёстой гэж үзэж байгаа тул эдийн засгийн төрөл бүрийн салбарыг илүү тэнцвэртэйгээр хөгжүүлэх, инноваци болон орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлэх, зах зээлийн  механизмуудыг хөгжүүлэхийн тулд ирэх таван жилд ямар ч үнээр хамаагүй эдийн засгийн дээд зэргийн хурдыг хангах төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна. Эдийн засгийн хөгжлийн хурд удаашрахад мэдээж ажилгүйдлийг нэмэгдүүлэх, хүн амын орлого багасах тул Хятадын Засгийн газар ДНБ-ий “дунд зэргийн өндөр” хурдыг хангахыг эрмэлзэж байгаа юм. Хятадын олон эдийн засагч  ойрын жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдын зорилтот үзүүлэлт 6-6.5% гэж үзэж байна. 2015 онд энэ үзүүлэлтийг 7%-ийн түвшинд байхаар төлөвлөсөн ч 3 дугаар улирал гэхэд ДНБ-ний өсөлтийн хурд 6.9% болж буурсан юм.

Байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахын тулд “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөөнд байгаль орчинд хортой үйлдвэрлэлийг хязгаарлах, эрчим хүчинд хэрэглэх нүүрсний хэмжээг багасгаж, байгалийн хий, цөмийн энерги болон сэргээгдэх эрчим  хүчийг түлхүү ашиглах арга хэмжээнүүдийг тодорхой тусгаж байна. 2010 онд батлагдсан “12 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөгөөр БНХАУ засаглалаа коммунист ардчилал хэмээн зарлахдаа гадаадын хөрөнгө оруулалт болон гадны хөрөнгө оруулалттай компаниудад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан нь олон улсын анхаарлыг татаж байлаа. Ирэх таван жилд гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг улам тэнцвэржүүлэх бодлого баримтлахаа Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгдэв.

Хятад нь 12 дахь таван жилийн хугацаандаа 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадны улсуудад хийсэн байна.


Өнөөдөр Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд 3 дугаарт орж байна. 2015 онд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ 337 тэрбум ам.доллараар дэлхийд тэргүүлж, Хонконг 150 ам.доллараар удаалсан байдаг. Энэ үед Хятадын хувьд хөрөнгө оруулалт 3 дахин өссөн. Зөвхөн энэ оны эхний сарын үзүүлэлтээр тус улсын гадаад хөрөнгө оруулалт 18.2%-иар өсч, 12.2 тэрбум ам.долларт хүрэв. Тэр дундаа АНУ, Европын орнууд руу хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байгааг олон улс анхааралтай ажиглаж байна. 1 дүгээр сард Хятад АНУ руу 1.56 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин Европын орнуудад 2015 онд Хятадаас 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, худалдааны эргэлт 615 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Хятад өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-д 10.5 тэрбум ам.доллар, Их Британи улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1.2 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлснээр бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд голлох донор орон болж хувирсан юм. Өнгөрөгч оны сүүлчээр Си Жинпин Их Британид айлчлахдаа ирэх 10 жилийн хугацаанд 30 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Ирэх жилүүдэд Хятадын Засгийн газар “хар тив” Африкийн 10 улсад 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй.

Ирэх таван жилд Хятад нь дэлхийн эдийн засгийн хамгийн том хөшүүрэг, гол хөрөнгө оруулагч улс байх нь гарцаагүй гэж олон улсын шинжээчид тодорхойлж буй. Тус улсын Засгийн газар нь мэдээлэл харилцаа холбоо, компьютерийн технологи, логистик, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалттай компанийг бодлогоор дэмжин, шаардлагатай тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь шинэ таван жилийн төлөвлөгөөнд тусгалаа олсон юм. Дотоодын эдийн засгийн удаашрал, хөрөнгийн биржүүдийн эрсдэлтэй байдлыг үл харгалзан гадаад дахь хөрөнгө оруулалт болоод олон улсын томоохон төслүүдийн хувь эзэмшлээ эрчимтэй нэмэгдүүлсээр байна.

Хятадын төрийн 5 дахь үеийн эрх баригч Си дарга энэ жил төрийн айлчлалаараа хамгийн түрүүнд нефтийн эх орон Саудын Арабыг зорив. Хоёр улс стратегийн түнш орнууд болж буйгаа дэлхий нийтэд зарлан тунхаглахдаа цөмийн эрчим хүч, газрын тосны боловсруулах  үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн юм. Хятадын эрх баригч Каирт хийсэн айлчлалын үеэрээ агаарын тээвэр, барилга, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн салбар хамарсан 20 гаруй гэрээ хэлэлцээрийг үзэглэж, ирэх жилүүдэд Египэтэд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа “амлав”. Мөн хоёр улсын хамтарсан 20 тэрбум ам.долларын сантай хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцжээ.

Эдийн засгийн хоригоос гарч дэлхийн газрын тосны зах зээл дээр байр сууриа эрчимтэй  нэмэгдүүлж буй Иран улс ч Си Жинпины айлчлалын “маршрутад” багтсан юм. Ирэх 10 жилийн хугацаанд Иран, Хятад улс худалдааны эргэлтээ 10 дахин нэмэгдүүлж 600 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөлөө. Иран нь өнгөрсөн оны сүүлчээр Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны албан ёсны гишүүн болсноор Хятад улсаас хөрөнгө оруулалт орох үүд нээгдэж байгаа юм.  
   
Стратегийн гол түнш, хил залгаа хөрш Орос орны хувьд Хятадаас чиглэсэн хөрөнгө оруулалт харьцангүй буурч байгаа нь олон улсад  анзаарагдаж эхэллээ. Өнгөрсөн оны байдлаар Хятадаас Орос руу хөрөнгө оруулалт 2 дахин буурсан үзүүлэлттэй гарсан байна. 2014 онд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байжээ. Эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт 2 улсын хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн цөөнгүй мега төслүүд бий ч эдгээрээр дамжин 2016 онд Орост хөрөнгө оруулах талаар одоогоор Хятадын эрх баригчид “ам нээгээгүй” байна. Оросын дотоодын эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас үүдэн 2015 онд тус улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт 92%-иар унаад байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн таагүй энэ цаг үед улс орнууд Хятадын хөрөнгө оруулалтад ихээхэн найдлага тавьж буй. Тус улсын зүгээс ч “13 дахь таван жил”-ийн төлөвлөгөөндөө тусгаад байгаа “Нэг бүс-нэг зам” хэмээх стратегийн бодлогоор олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ингэхдээ эрдэс баялгийн нөөцтэй улс орнууд руу чиглэн хөрөнгө оруулах замаар эдийн засгийн шинэ бүс Торгоны замыг байгуулах “амбицтай” төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Хятад улс хэдийнэ мориндоо мордсон билээ.