Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн хоёрдугаар сард 2.97 сая тонн байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25%-иар буурсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Өнгөрсөн сард Хятадын импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ тонн тутамд 67 ам.доллар байсан нь өмнөх сарынхаасаа ялимгүй өссөн хэдий ч оны өмнөхөөс 26.5%-иар буурсан дүн юм.
Хоёрдугаар сард Австралийн Хятад руу экспортолсон коксжих нүүрсний биет хэмжээ 9%-иар буурсан ч импортын зах зээлд нь эзлэх хувиа 55% болгож нэмэгдүүлжээ.
Хятад улс оны эхний хоёр сарын байдлаар нийтдээ 6.33 сая тонн коксжих нүүрс импортлоод байгаа нь өмнөх оныхоос 20.4%-иар буурчээ.
Монгол улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлж буйгаар, энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол улс Хятад руу нийтдээ 1 сая 435 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоосоо 16%-иар буурсан дүнтэй байна. Өнгөрсөн сард Монгол улс урд хөрш рүү 275 мянган тонн нүүрс нийлүүлжээ. Монголын нүүрсний экспортын дундаж ердөө 30.6 ам.доллартай байна.
Б.Төгс