Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хилийн бүсийн районд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай зарлана

“Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны гишүүнээр Монгол улс элссэн нь Ази тивдээ анхдагч болж байна. 2015 оны 11 дүгээр сард Бразил улсад зохион байгуулагдсан ээлжит хуралдаанд манай улс анх удаа төлөөллөө оролцуулсан. Ингэснээр гадаад зах зээлээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, үндэсний мэргэжилтнүүдийг олон улсын хэмжээнд ажиллах боломжийг ихээхэн нэмэгдүүллээ” хэмээн Уул уурхайн сайд Р. Жигжид  “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалтад мэндчилгээ дэвшүүлэхдээ онцолсон юм.

Монголын Үйлдвэрлэлийн геологчдын холбоо Уул уурхайн яам болон мэргэжлийн холбоодтой хамтран “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалтыг энэ сарын 24-25-нд “Корпорейт Конвеншн төв”-д найм дахь удаагаа зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулга уулзалт нь 2015 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн, Монголын геологийн салбарт хөрөнгө оруулалтын хүлээлт үүссэн нөхцөлд болсноороо онцлог хэмээн уулзалтыг Зохион байгуулах зөвлөлийнхөн тодотгов.

Тиймдээ ч чуулга уулзалтын эхэнд “Хайгуулын тусгай зөвшөөрөл” хэлэлцүүлгийг тусгайлан зохион байгуулжээ. Геологи, хайгуулын чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд энэ үеэр  өргөдлийн шугамаар хэзээ тусгай зөвшөөрлийн тусгай дугаар олгож эхлэх, сонгон шалгаруулалтаар талбай олгохдоо ямар шалгуур тавьдаг, хайгуулын ажлын төлөвлөгөөг хэзээнээс онлайнаар авч эхлэх зэргийг холбогдох албаны хүмүүсээс  лавлаж байлаа.

“Хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээлгэн өгөх хугацаа тулсан үед Ашигт малтмалын газарт ихээхэн дараалал үүсдэг тул компаниуд төлөвлөгөөгөө цахимаар илгээх хүсэлтэй байдаг. Бид хайгуулын ажлын төлөвлөгөөний нэгдсэн стандарт бий болгохын тулд Германы геологийн албатай хамтран ажиллаж байгаа” хэмээн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд онцолсон юм.

Харин  тус газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар “Улсын тусгай хамгаалалттай газраас бусад буюу хилийн бүсийн районд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгохоор зарлах гэж байна. Хэдийгээр энэ талаар  Засгийн газрын холбогдох тогтоол гарсан ч өргөдлөөр тусгай   зөвшөөрөл олгох асуудлыг Уул уурхайн сайд болон  Ашигт малтмалын газрын даргын тушаалаар эцэслэх ёстой. Тушаал шийдвэр хараахан гараагүй ч сонгон шалгаруулалт зарлах бэлтгэл хангагдаад байна”  гэсэн тайлбар өгөв.
 
Засгийн газрын 511 дүгээр тогтоолын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд 10 талбай, мөн сарын сүүлээр 10 талбайг  сонгон шалгаруулалтаар олгохоор зарлагдах аж.

Орон нутгаас дэмжигдээгүй гэх 564 тусгай зөвшөөрлийн саналын тухайд Уул уурхайн яам дээр Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйгаас гадна Ашигт малтмалын газарт хоёр ч удаа хэлэлцүүлэг болжээ. Хуулийн үйлчлэлтэй холбоогүй татгалзсан саналууд нэлээд орж ирсэн тул Ашигт малтмалын газар  Улсын дээд шүүхэд хандан тайлбар авсан байна. 

“Ихэвчлэн улсын нөөцөд аваагүй, тусгай хэрэгцээний болон эдэлбэр газруудтай давхцаагүй талбайнуудад орон нутгаас татгалзсан хариу ирүүлсэн нь тогтоогдсон. Тиймээс эдгээр талбайд хуулийн дагуу зөвшөөрөл олгохын тулд аймаг аймгаар нь багцлан ажиллаж байна” хэмээн Ашигт малтмалын газрын удирдлагууд ярилаа.

 
Хэлэлцүүлгийн дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Б.Саран, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг “Уул уурхайн салбарын байгаль орчны хамгааллын асуудалд”,  Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг “Эрдэс баялгийн салбар ба орон нутгийн төсөв”,  “Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлтсийн мэргэжилтэн О.Энхбаяр “Газрын тосны эрэл хайгуул, олборлолт, хууль эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Региональ судалгаа, Ашигт малтмал судлал, Геологи-хайгуулын ажлын үр дүн, Эрэл хайгуулын ажлын аргачлал, технологи зэрэг  геологи, хайгуулын мэргэжлийн сэдвээр өрнөсөн юм.

Г.Идэр