Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Баялгийг ашиглах тулгуур зарчмуудыг хэлэлцэж байна

Баялгийн зөв зохистой удирдлагын талаарх семинар “G7 үр дүнд хурдан хүрэх түншлэл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон гэрээний зөвшилцлийг цогц байдлаар хийхэд туслах зорилготой CONNEX санаачилгын хүрээнд Тайландын Бангкок хотноо энэ сарын 28-31-нд болж байна.

Уг семинарт Мьянмар, Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Монголын иргэний нийгэм, төр засаг, хувийн хэвшлийн нийт 45 төлөөлөл оролцож байна. Үүнээс гадна Дэлхийн банк,  “Jones Day” хуулийн фирм,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, мөн тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг-нийгмийн комиссын төлөөлөгчид оролцож байна.

Семинарын хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, CONNEX санаачилга, Дэлхийн банкны мэргэжилтэн, Монгол, Мьянмарын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны төлөөлөл илтгэл тавьж оролцож байна.

Уул уурхайн салбарыг хэрхэн нийгэм, эдийн засагт ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмаар авч явах вэ гэсэн асуулт өнөөдөр хөгжиж буй олон оронд тулгарч байна. Энэ асуудлыг шийдэхэд тухайн улс орны хууль дүрэм, төрийн болон төрийн бус байгууллагуудаас гадна олон улсын хэмжээнд даган мөрдөж буй зөөлөн хууль (soft law) буюу сайн дураар хэрэгжүүлдэг тогтолцоонууд асар их үүрэг гүйцэтгэж буйн нэг сайн жишээ нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга юм. Одоогоор уг санаачилгыг дэлхийн 51 орон хэрэгжүүлж буйн нэгээр Монгол улс нэрлэгдэж буй. 

Гэхдээ үүнээс гадна Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн (NRGI) нөөцийг удирдах тухай 12 хэсгээс бүрдсэн дүрэм (National Resource Charter decision chain) олон улс оронд баялгаа зөв зохистой ашиглахад гол чухал удирдлага, туслалцаа болж байгаа юм.

Үүнээс гадна гэрээний зөвшилцлийг хангалттай хэмжээнд хийхэд дэмжлэг болох зорилготой CONNEX санаачилга эхэлсэн бөгөөд одоогоор Монголд хэрэгжиж байна.  

Б.Төгсбилэгт /Mongolian Mining Journal/,  /2016.03.29 Тайланд- Бангкок/