Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын  уул уурхай, эдийн засгийн  сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн  дунд тав хоногийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Эхний сургалт  гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-нд  ЭТИС хөтөлбөрийн сургалтын танхимд боллоо.

Сургалтыг Герман улсын сэтгүүлч Др.Асэндорпф удирдан явуулж байгаа бөгөөд энэхүү сургалтаар мэргэжлийн түвшинд уул уурхай болон түүнтэй холбоотой сэдвүүд болох бодлого, эдийн засаг, байгаль орчны асуудлыг бичих талаар мэдээлэл өгч, жишээн дээр ажиллаж байгаа юм.

GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Батмөнх нар сургалтын үйл ажиллагааг  нээж үг хэлэв.   Сургалтын эхний хэсэгт үндэсний сэтгүүлчид уул уурхай, үүнтэй холбоотой зөрчлийн талаар сурвалжлага, мэдээлэл бэлтгэх-Монгол болон гадны сайн практик жишээ, туршлагаас хуваалцав.

Мөн уул уурхайн орон нутгийн оролцогч талууд болох Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн удирдлага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд сургалтын үеэр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Үүний дараа тогтвортой уул уурхайн сайн туршлага, бодлогын хувилбаруудын талаар сургалтад оролцогчид бүлгээр ажиллан байгаль орчин, нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлуудаар санал солилцон мэдээлэл бэлтгэлээ.    

Герман улсын сэтгүүлч Др. Асэндорпф байгаль орчны мэдээ, мэдээлэл бэлтгэх талаар Германы, тэр дундаа аж үйлдвэржсэн орнуудын туршлага, нийтлэг асуудал, ялгаатай арга, хандлага болон байгаль орчны сэтгүүл зүйн цогц ойлголтыг сэтгүүлчдэд  өгсөн юм. 

 “Эдийн засгийн форум”-ын хүрээнд зохион байгуулагдсан, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Даниэл Кауфманы “Засаглал, байгалийн баялагтай холбоотой сорилт, шинэчлэлийн боломж: Монгол улс бөгөөд Азийг олон улсын практик ажиглалтын өнцгөөс харах нь“ сэдэвт хэлэлцүүлэгт сэтгүүлчид мөн оролцлоо.

Сургалтын хоёр дахь өдөр Герман улсын сэтгүүлч Др.Асэндорпф болон үндэсний сэтгүүлчид  The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага болон  GIZ-ийн  ЭТИС хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа ”Орон нутгийн мэдээллийн сүлжээ” цогц төслийн сургалтад хамрагдахаар хүрэлцэн ирсэн  орон нутгийн  сэтгүүлчидтэй  хамт “Бороо гоулд” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд оролцсон юм.

“Бороо гоулд” компанийн  Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодол тус компанийн үйл ажиллагааны товч танилцуулга хийсэн бол Байгаль орчны инженер Г.Мөнхжин уурхайн нөхөн сэргээлтийн бодлого туршлагаасаа хуваалцлаа. Үүний дараа сэтгүүлчид “Бороо гоулд” компанийн нөхөн сэргээлтийн талбайтай танилцаж, нуруулдан уусгах технологийн үйл ажиллагааг үзэж сонирхов. Үндэсний сэтгүүлчдэд зориулсан сургалт дөрөвдүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулах юм. 

Г.Идэр