Сурвалжилга
“Зэт Эм И” компани ISO9001:2015 гэрчилгээ авлаа
2016-04-04
“ZM Engineering” компани нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад өрнөсөн бүхий л бүтээн байгуулалтад оролцож байгаа билээ. Ган хийц үйлдвэрлэл, зураг төсөл, барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, гадны шилдэг технологи болон брэндүүдийг Монголдоо нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Уул уурхайн салбарт Оюутолгой, Ухаахудаг, Овооттолгой, Эрдэнэт, Мардай зэрэг томоохон төслүүдэд ажил үйлчилгээ явуулсан туршлагатай. Оюутолгой төсөл дээр 2006-2007 онд гүний уурхайн ажлууд хийсэн бол Овооттолгойн тэсрэх бодисын үйлдвэрийг цогцоор нь барьж гүйцэтгэжээ. Ухаахудагийн цахилгаан станцын барилгыг барьж, угаах үйлдвэрт их хэмжээний метал хийц үйлдвэрлэн нийлүүлсэн аж. Мөн тус уурхайн угаах үйлдвэрийн дэргэд хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг цогцоор нь барьж хүлээлгэн өгчээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6 сая тонн баяжмал боловсруулах нэмэлт өртгөтгөлийн конвейерийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, инженерингийн ажлуудаас гадна ган хийц үйлдвэрлэлийн чиглэлээр уул уурхайн тоног төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэдэг. Илүү чанартай, олон улсын түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд дэлхийн үйлдвэрлэлийн брэндүүдийн технологи болон ноу-хауг Монголдоо нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр ажилладаг.
Энэ чиглэлээр Шведийн SSAB фирмийн “Hardox” брэндийн уул уурхайн элэгдэлд тэсвэртэй ган материалыг Монголд оруулж ирж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Германы “Abus” фирмээс өргөгч цамхгийн систем авч, ган дам нурууг нь Монголдоо өөрсдөө үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм. Мөн 100 гаруй жилийн түүхтэй Шведийн “ESAB” брэндийн гагнуурын тоног төхөөрөмж, урсгал материалыг импортолж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын ISO стандартыг компани болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд анхааран ажиллаж буй бөгөөд үр дүнд нь энэ сарын 21-нд “Зэт Эм И” компани ISO 9001:2015 стандартын баталгаажилт хийгдсэн гэрчилгээг албан ёсоор гардаж авлаа. Гэрчилгээг МУУҮА-ийн Ерөнхийлөгч, SFCS ХХК-ийн Баталгаажуулалтын албаны дарга Н.Алгаа, тус компанийн аудитор Т.Хишигжаргал нар компанийн хамт олонд гардуулан өгсөн юм.
“Hardox wearparts”компанийн төвийн менежер С.Мөнхбат:
Манай компани олон улсын чанарын удирдлагын тогтоолцооны ISO стандарт хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. ISO стандартаар баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд нэлээд ажил зохион байгууллаа. Канадын “Nordic Minesteel Technology” компанитай хамтран ажилладаг. Энэ хүрээнд ISO стандартаар баталгаажсан тус компанийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнийг Монголд урьж 1 сарын хугацаанд хамтран ажиллахдаа туршлага судалсан юм. Мөн бусад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллалаа. Үйлдвэртээ ISO стандарт, цаашлаад OHSAS 18001 болон бусад тулгуур стандартуудыг нэвтрүүлэх, хэвшүүлэх зорилт тавин ажилласны үр дүнд өнөөдөр манай компани ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг авч байна.
“ZM Engineering” компанийн Гүйцэтгэх захирал О.Амартүвшин:
Манай компани 2006 онд анх инженерингийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Инженерингийн чиглэлээсээ салбарлан зураг төсөл, барилга угсралт, төмөр хийц үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, ашиглалт үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид бүхэн Монголдоо барууны өндөр технологийг нэвтрүүлэх үүднээс олон төсөлд хамтран ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлаад ISO стандартыг ажил, үйлчилгээндээ нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг ойлгосон. Энэ үндсэн дээр одоогоос 3 жилийн өмнөөс анхны алхмуудаа хийж эхэлсэн. Ингээд өнгөрсөн жилээс мэргэжлийн компанитай хамтран ажиллаж, зөвлөгөө чиглэл авч ажилласны үр дүнд ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээг гардан авлаа.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч, SFCS компанийн Баталгаажуулалтын зөвлөлийн дарга Н.Алгаа:
Манай үндэсний компаниуд олон улсын жишигт нийцсэн стандартуудын шаардлагуудыг хангаж, дэлхийн түвшинд нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаа явуулахыг зорих болсон нь сайн хэрэг. Дэлхийн 140 гаруй оронд мөрддөг стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг баталгаажуулан энэхүү гэрчилгээг “Зэт Эм И” компанид олгож байгаа юм. Тус компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн 3 аудиторын хийсэн тайлангийн дүгнэлт дээр үндэслэж, Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа. Баталгаажуулалтын зөвлөл нь SFCS компанийн гишүүдийн хурлаас томилогдсон. SFCS нь баталгаажуулалт хийдэг Монголын компани юм. Үүнээс өмнө Хонконг, Өмнөд Солонгос, Чех зэрэг гадны орнуудаас аудиторууд ирж баталгаажуулалтыг өндөр үнээр хийдэг байлаа. Баталгаажуулалтын зөвлөлд МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Стандартчилал, хэмжилт зүйн газрын Тамгын газрын дарга н.Өнөржаргал болон миний бие багтдаг.
SFCS компанийн аудитор Т.Хишигжаргал:
SFCS компани бол удирдлагын тогтолцооны зөвлөгөө, аудит, сургалт, баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Зэт Эм И” компани нь үйлдвэрлэлдээ олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлснээ баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу SFCS компаниас аудиторуудыг томилж, аудит хийсэн юм. Аудитын үндсэн дээр ISO 9001:2015 стандартын шаардлагыг хангасан тул “Зэт Эм И” компанид баталгаажуулалтын гэрчилгээ олгох шийдвэр гарсан.