Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Mongolia Mining“ үзэсгэлэн нээгдлээ

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт эхэлж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулга нар үг хэллээ. Мөн Монгол улс дахь Канад, Австрали, Чех улсын Элчин сайдууд үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцсон юм. 

Үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцогч гадаад, дотоодын ханган нийлүүлэгч компаниудад зориулан Монголын уул уурхайн салбарын бодлого, чиг хандлага болоод бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан илтгэлүүд тавигдсан юм. Уул уурхайн яамнаас салбарын бодлого, өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлөвийн талаар танилцуулсан бол Ашигт малтмалын хуульд оруулах өөрчлөлт, хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох асуудалтай холбоотой мэдээллийг Ашигт малтмалын газраас хийсэн юм.

Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл болох Оюутолгойн ил, далд уурхайн бүтээн байгуулалт болон ханган нийлүүлэлтийн төлөвлөлт, худалдан авалтын тоон мэдээлэл бүхий илтгэл тавигдсан нь оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татсан. Тус компанийн хувьд Монголын ханган нийлүүлэгчдийг дэмжин ажиллахад анхаарч, худалдан авалтын 10 төгрөг тутмын 8 төгрөгийг дотоодод зарцуулдгаа илтгэлдээ онцолсон юм. Энэ дагуу компанийн дотоодын худалдан авалт 2013-2015 онд өссөн үзүүлэлтэй гарсан байна. Ханган нийлүүлэлтийн чиглэлээр импортыг орлуулах тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй аж. Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт шаардлагатай гол бүтээгдэхүүн болох шохойг Хятад улсаас импортолж байсан бол 2016 оны 2 дугаар улирлаас эхлэн  Монгол улсын дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авахаар гэрээлэн ажиллаж буйг дуулгав.        

“Mongolia Mining 2016” үзэсгэлэнд дэлхийн 15 орны 120 компани үйл ажиллагаа, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Беларусь улсын машин механизм нийлүүлэгч “Белаз” үйлдвэрийн 90 тоннын даацтай, цахилгаан бензин хосолсон гибрид машиныг энэ жилийн үзэсгэлэнд танилцуулсан нь ихээхэн содон байлаа.  Үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ.

Э.Од