Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятад руу байгалийн хийн асуудлаар “Beijing Gas” групптэй яриа хэлэлцээр явуулж байна. Ингэхдээ “Газпром” компанийн барьж буй “Сибирийн хүч” хоолойг ашиглахаар төлөвлөжээ. Үүний тулд “Роснефть” компани байгалийн хий экспортлох эрх авах хэрэгтэй юм. Байгалийн хий нийлүүлэх асуудлаар “Роснефть” компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин 3 дугаар сарын сүүлчээр Бээжин хотноо ажилласан байна. Талууд одоогоор тодорхой мэдэгдэл хийхээс татгалзаж байгаа аж.
“Газпром” компанийн хувьд 2015 оныг дуустал Оросын байгалийн хийн экспортын худалдаанд монополь эрхтэй байв. 2013 оноос хойш дамжуулах хоолойгоор байгалийн хийн нийт экспортыг дангаар гүйцэтгэж буй. “Газпром” компани Хятад руу 30 жилийн турш 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг 2014 оны 5 дугаар сард CNPC корпорацтай үзэглэсэн байдаг.
Э.Од