Төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн даваа гаригийн байдлаар нэг тонн нь Хятадын Тянжины боомт дээр 55.9 ам.доллар болж өсөөд байна.
Үүний зэрэгцээ дэлхийн тэргүүлэх төмрийн хүдэр экспортлогч болох Австрали улсын Засгийн газар хамгийн сүүлд гаргасан түүхий эдийн зах зээлийн тайландаа төмрийн хүдрийн үнийн энэ оны төлөвийг урьдны таамаглаж байснаасаа 9%-иар нэмэгдүүлж, 45 ам.доллараар тооцжээ. Улмаар уг түүхий эдийн үнэ ирэх онд дунджаар 56 ам.доллар/тонн, 2018 онд 60 гаруй ам.доллараар худалдаалагдана гэж төсөөлжээ. Тус тайланд хэдийгээр Австралиас гадуурх өндөр зардлаар олборлолт явуулж буй уурхайнууд хаагдах үйл явц нь үнийн өсөлтөд тодорхой нөлөөтэй ч бага зардалтай олзворлолт бүхий шинэ уурхайнууд Австрали, Бразилд ашиглалтад орж буй нь үнэ өсөлтийг хазаарлана гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна Австралийн Засгийн газар хэдийгээр төмрийн хүдрийн үнийн төлөвийг нэмсэн ч Хятадын эрэлт өсөлт багатай хэвээр байна гэж үзэж байна. Гэхдээ Хятадын дотоодын өндөр зардалтай, ашиггүй үйлдвэрлэл хумигдах явц нь олон улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлнэ гэж тайлбарлажээ. Тодруулбал, дэлхийн төмрийн хүдрийн худалдааны хэмжээ 2015-2021 онд жилд дунджаар 1.3%-иар өсч, 1.6 тэрбум тоннд хүрнэ гэж төлөвлөжээ.
Төмрийн хүдрийн магнат “Вале”-гийн тухайд урт хугацаандаа уг түүхий эдийн үнэ тонн тутамдаа 65-80 ам.доллар байна гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Б.Төгс