Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголын зэсийн баяжмалын экспорт 33%-иар өсөв

Энэ оны эхний улирлын байдлаар Монгол улсын нийт худалдааны бараа эргэлт 1.56 орчим тэрбум доллартай тэнцэж, үүнд экспорт 959 сая доллар, импорт 599.1 сая ам.долларыг бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл, Монгол улсын гадаад худалдаа эхний улиралд 359.9 сая ам.долларын ашигтай гарлаа. Гэхдээ Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4%-иар буурсан дүнтэй гарчээ. Энэ дундаа экспорт 11%, импорт 15 орчим хувиар танагджээ.

Зэсийн баяжмалын экспорт эхний гурван сарын байдлаар 412.8 мянган тоннд хүрч, үнийн дүнгээр 481.5 сая ам.доллартай байсан нь биет жингээр 33%-иар өссөн ч, үнэлэмжийн тухайд 6%-иар буурчээ.

Алтны экспорт мөн хугацаанд 2.9 тоннд хүрч, 111.3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өмнөх оныхоос биет жингээр 18%, үнийн дүнгээр 13.6%-иар дээшилсэн дүн юм.

Харин нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны тухайд экспортын биет хэмжээ буураагүй ч үнийн дүн мэдэгдэхүйц доошилсон байна.

Нүүрсний экспорт эхний улиралд 3.27 сая тонн хүрч, 99 сая ам.долларын орлоготой байсан нь өмнөх оныхоос орлогын хувьд 30%-иар буурч, харин биет хэмжээний тухайд буураагүй дүнтэй гарав.

Газрын тосны экспорт эхний улиралд 2.2 сая баррельд хүрч, 73 сая долларын орлого оруулсан нь орлого 20%-иар буурч, биет хэмжээ 15.6%-иар өссөнийг харуулна.

Төмрийн хүдрийн экспорт мөн улиралд 992 орчим мянган тонн байсан нь өмнөх оныхтой бараг дүйж байгаа ч орлогын хувьд өмнөх оныхоос 50%-иар буурч 29 сая ам.доллартай гарчээ.

Молибденийн баяжмалын экспорт оны эхний улиралд биет хэмжээгээрээ өмнөх оныхтой харьцуулахад 46% өссөн ч орлогын хувьд 30% буурчээ. Цайрын баяжмал, вольфрамын хүдэр, цэвэр зэсийн тухайд бүгд адил экспортын биет хэмжээ, орлого нь буурчээ.

Эрдсийн зах зээлийн хүнд нөхцөл байдал Монголын экспортын дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын орлогод хэрхэн нөлөөлж буйг орлогын бууралт харуулж байна.

 

Б.Төгс