Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Бороо


Орон нутгаас бичиж байна





Говьсүмбэр аймгийн сэтгүүлч Т.Болдбаатар


Дэлхий дэлэгнэж, ичигсэд хөдөлж, ханш нээж буй цаг дор хурмастын борооны тухай бичсэн юм болов уу гэж таамаглах аваас үл ялиг зөрөх нь ээ, эрхэм уншигч минь. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, The Mongolian Mining Journal сэтгүүлээс хамтран зохион байгуулсан орон нутгийн сэтгүүлчдийг мэргэшүүлэх цуврал сургалтад хоёр дахиа хамрагдаад ирлээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэх, эс бөгөөс явсан хүнээс сонин сонсох гэж хотлоороо цугладаг эрт үеийн ёс жаяг, үг хэллэг байдаг даа. Та бүхэнд аян замд тэрлэсэн тэмдэглэлээ толилуулж байна.

Эхний өдөр олон хүний суудалтай, жуулчны байгууллагын сунагар улаан хүрэн автобусаар нийслэлээс эртлэн гарч, Дархан-Сэлэнгийн чиглэлд 130 км-т байх “Бороо гоулд” компанийн алтны уурхайг зорилоо. Замын түгжрэл сийрэн, машины хөл ч хөнгөрч Хорин хоёрын товчоо, Тахилтын даваа, газар эзэмших аяны бэлгэдэл болсон гинжин тракторын хөшөөтэй Баянчандмань (оюутан ахуйд САА-н намрын ажилд явж байснаас зүс өөрчлөгдөөгүй шахуу ) сумын төв, Дуган хад , цувраа суварга, бурхны хөшөө, хурал номын байр бүхий шашны суурин газар, “Урьхан”-ы үйлчилгээний төвөөр дайран өнгөрч, цардмал замаас салан, сайжруулсан замаар 5 км хэртэй яваад “Аравт” хувийн хамгаалалтын босгоор алхуут цоо шинэ орчинд нэвтэрсэн юм.

Араараа халзалсан модтой уулын энгэр үд дунд гэхэд нимгэн хяруунд хучигдсан хэвээр байгаа нь жавардуу байгаагийн шинж. Хэвлий, хормойноос нь хольцоогүй шижир алт асгарна чинээ санаанд оромгүй багир, багир уул, толгодыг нар бүтэн бүслүүрдэн тойрч, хяналтын хэсэгт очив.

Ийнхүү 1990 оноос хойшхи Монгол улсад хийгдсэн гадаадын томоохон хөрөнгө оруулалттай төслийн нэгийнх нь хаалтын ажиллагаатай танилцсан юм. Үйлдвэрлэлийн онцлог, эдийн засаг, татвар, хөрөнгө оруулалтын  үзүүлэлтүүд, нөхөн сэргээлт, байгаль орчны хамгаалал гээд сонирхож болох бүхий л асуудлыг сэтгүүлч дүү нар шил даран нийтлэх нь мэдээж.

Цухас өгүүлэхэд, нөхөн сэргээлтийн талбайнуудад дайжсан амьтад, усны шувууд эргэн нутагшиж, мод үржүүлэг болон шилжүүлэн суулгалтын газарт алим, монос, үхрийн нүд, өрөл, чацаргана, улиас, хайлаас, агч, голт бор, бургас, хус, шинэс, нарс энэ тэр мод суулган, нэлэнхүйдээ ерхөг, өлөнгө, царгас, согоовор хялганаар газар нь хөрсжиж эхэлжээ. Сайхан юм. Ажиллах хүчний мэдлэг, дадлага олгох талдаа үндэсний мэргэжлийн боловсон хүчинтэй уурхай болж чадсан гэж хэлэх түвшний. Энд ажиллаж байсан хүмүүс Монголын аль ч уурхайд очиход шилэгдэнэ үү гэхээс ширвэгдэнэ гэж үгүй биз.

Сул шороогоор хаалт, хашилт хийснээ хөмсөг гэх юм. Эдийн засгийн хувьд ашигтай нуруулдан уусгалтын технологийг саармагжуулах шатны ажил ид хийгдэж байна. Сүүлийн 10-аад жилд улсад 1.2 их наяд төгрөгийн өгөөж оруулжээ. Энэ нь нийт боловсруулалтын 63%-тай тэнцэх үзүүлэлт аж.

Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас хөрөнгө оруулалт хийж ирсэн Баянгол, Мандал сумд “Улсын тэргүүний сум” болсноор үл барам Сэлэнгэ аймаг “ Улсын Тэргүүний аймаг”-аар хоёр удаа шалгарч, төрийн дээд шагнал  “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон туган дээрээ зүүжээ. Энэ бүхэнд Бороогийн алтны уурхайнхны оролцоо бий гэж бахархдагаа ярьцгааж байлаа. Хангай нутгийнхны өвөрмөц дүр төрхийг харуулсан  шөлний хэдэн бог малтай эсхүл хүн амдаа таарсан байр байшинтай, хаяандаа багашаархан хүнсний ногооны талбайтай айлууд зам гудаст бишгүй таарах юм. Нийтлэг нь дэлэнгээ ховх шавхуулсан сүүний үүлдрийн янхир үнээд гээдэн гоодон цувах, нэгэн жимээр. Бас “Хөхүүрийн айраг” хаягтай, жил өнжин орхигдсон үзэмж тааруухан, юухан хээхнээр гагнаж босгох гэж домносон гар худалдааны ТҮЦ-үүд элбэг.

Чандлах сонин гэвэл, Бороогийн уурхайд нэвтрүүлэхдээ хүлцэх хэмжээ 0,022-оос дээш согтууруулах ундаа хэрэглэсэн байвал ажилчдыг шууд халах, ирээчин, сонирхогчдыг оруулахгуй байх алтан дүрэмтэй юм. Цаг хугацааны хувьд ч, чадамжийн хэр хэмжээний тухайд буугаад мордохын зуур судалж боловсруулчих асуудал мэдээж бий болохоор есөн шидийн тоо, өндөр концентрацитай байхдаа онцгой хортой дэлхийн гадарга дээр элбэг тархсан химийн 20 дахь элемент өнөөх алдарт цианитын тухай бүүр ч бичихийг түвдсэнгүй. Бороогийн алтны уурхайг шороон ордын зориулалтаар ашиглаж эхлэх үед бригадын төв суурьшиж байсан Их Тайширын хөндийд ноднинхон ирсэн нутгийн ахмадууд байгалийн унаган төрхийг нь хадгалах талаар тэдний хэрэгжүүлж байгаа санаа, сэдэлд сэтгэл хангалуун байсан тухай уурхайн байгаль орчны асуудал хариуцсан мргэжилтэн залуу сэтгэл хангалуун өгүүлж байлаа.