Дэлхийн зэсийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын цэвэр зэсийн импорт өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оныхтой харьцуулахад 39%-иар өсч, 570 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Эхний улиралд цэвэр зэсийн нийт импорт 1.43 сая тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 30%-иар өндөр гарчээ. Энэхүү мэдээлэл цацагдмагц зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 100 гаруй ам.доллараар өсч, нэг тонн нь 4820 ам.доллар болжээ. Гэсэн ч зэсийн үнэ 5000 ам.доллараас доогуур хэвээр.
Хятадын зэсийн импорт өсч буй явдал нь дэлхийн түүхий эдийн худалдаанд тэргүүлэх байр эзэлдэг улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байна гэсэн дохиог шинжээчдэд өгч байна гэж хэлж болохоор байна.
ANZ банкны Dan Hynes шинжээчийн үзэж буйгаар нөхцөл байдал ерөнхийдөө эерэг байгаа ажээ. Тэрбээр ирэх саруудад мэдээж өсөлт, бууралтын үзүүлэлт байх ч ерөнхий хандлага сайжрах талдаа байна. Энэ нь эрдсийн түүхий эдийн ханшийн хувьд богино хугацаандаа дээшлэх түлхэц болно гэж тайлбарлажээ.
Гэхдээ зэсийн зарим худалдаачны хувьд Хятадын Цагаан сарын үеэр хийсэн захиалга нь гуравдугаар сард импортлогдсонтой холбоотойгоор худалдааны үзүүлэлт нэмэгдсэн. Иймд Хятадын эрэлт тун сайн байна гэж үзэх нь өрөөсгөл гэх тайлбар ч байна.
Зэсийн хувьд энэ сарын эхэнд 4860 орчим ам.доллар/тонн байсан ч эргээд буурч энэ долоо хоногийн эхээр 4600 ам.доллар руу уруудаад байсан билээ. Зэсийн хувьд үнийн хэлбэлзэл багагүй байгааг эндээс харж болно.
Ийнхүү Хятадын цэвэршүүлсэн зэсийн импорт өнгөрсөн сард өссөн ч баяжмалын импорт харин гуравдугаар сард хоёрдугаар сарынхаас багасч 1.37 сая тонн болжээ. Гэхдээ оны эхний улирлын нийт дүнгээр зэсийн баяжмалын импорт 34%-иар өсч 4 сая тоннд хүрчээ.
Б.Төгс