Зэсийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Чили улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж гурван сая хүн ундны усны эх үүсвэргүй болж, 7 хүн сураггүй, 1 хүн амиа алдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Үерийн улмаас Качапоал мөрөн эргээ хальж, улмаар Чилийн төрийн өмчийн зэсийн компани Codelco-ийн эзэмшлийн EI Teniente далд уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд наад зах нь 3 хоногийн ажил шаардагдана гэж тус компани мэдэгдлээ. Энэ нь 5000 тонн зэсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хасагдсантай дүйх юм байна. Тус уурхай нь дэлхийн хамгийн их нөөцтэй далд уурхайд тооцогддог.
Түүнчлэн “Англо Американ” компанийн Чили дэх уурхай ч үерийн улмаас аюулгүй байдлыг бодолцон олборлолтоо зогсоож, зөвхөн овоолсон хүдрээ боловсруулах горимд шилжжээ.
Одоогийн байдлаар зэсийн зах зээлд Чилийн үерийн улмаас уурхай зогссонтой холбоотойгоор үнийн өөрчлөлт төдий л ажиглагдахгүй байна.
Б.Төгс