Ертөнц
Орос орны өмч хувьчлалын шинэ давлагаа
2016-04-20
The Mongolian Mining Journal /2016.2 №087/
ЗХУ задарсан даруйд 1990-ээд оны эхээр Орос орон даяар өрнөсөн өмч хувьчлалыг гэмт хэрэг, луйврын шинж чанартай гэсэн ойлголттой үлдсэн иргэдийн үзэл бодол өнөө хэр өөрчлөгдөөгүй байна. Тэртээх жилүүдэд төрийн өмчийн байгууллагуудыг хэдхэн копейкаар худалдан авсан эрхмүүд өнөөдөр “Форбес”-ийн жагсаалтад дээгүүр бичигдэх олигархиуд болжээ. Улс төр, санхүү болоод эдийн засгийн хүнд цаг үед анхны өмч хувьчлал явагдсан гэж Оросын эрх баригчид тайлбарладаг. Тэгвэл Орос орны эдийн засаг тун ч тогтворгүй энэ цаг үед Кремлийн эзэд дахин өмч хувьчлалын шинэ давлагааг эхлүүлж байна.
Э.Жаргал
Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Оросын эрх баригчид эдийн засгийн тулгуур болсон үйлдвэрлэгч томоохон компаниудынхаа төрийн эзэмшлийг хувьд шилжүүлэн худалдах асуудлыг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Гэвч ирэх 9 дүгээр сард болох Төрийн Думын сонгуулийн өмнө 2-3 дахин хямд үнээр худалдах нь улс төрийн хувьд буруу алхам гэж тус улсын шинжээчид үзэж байна. Харин сонгуулийн дараа 2016 он дуусахаас өмнө худалдах юм бол илүү ашиг орлоготой гэсэн байр суурийг сөргүүлэн тавьж байгаа.
Оросын эрх баригчид эдийн засгийн хямралын эсрэг төлөвлөгөө боловсруулахдаа өмч хувьчлалаас хоёр жилийн хугацаанд 1 их наяд рубль буюу 12.5 тэрбум ам.долларын орлого олохоор тооцоолжээ. Төрийн өмчит компаниудыг хувьчлах 2014-2016 оны хөтөлбөрийг аль 2013 онд баталсан юм. Хөтөлбөрт 514 аж ахуйн нэгж болон 436 хувьцаат компани, тэр дунд “Внуково”, “Шереметьево”, “Аэрофлот”, “Роснефть”, “Башнефть”, “Ростелеком”, “Совкомфлот”, “Оросын төмөр зам”, “Сбербанк” багтсан байдаг.
Гэвч 2014 оноос эхтэй Орос орны эдийн засгийн хямралаас үүдэн өмч хувьчлалын “амбицтай” хөтөлбөр төдийлөн амжилттай хэрэгжиж чадаагүй. Эхний жилдээ 20.9 тэрбум рублийн орлого олсон бол 2015 онд ердөө ганц л томоохон хэлэлцээр хийсэн юм. Тэр нь далайн тээврийн “Совкомфлот” компанийн төрийн мэдлийн 25%-ийг 12 тэрбум рублиэр худалдах байсан ч 2016 он болгож хойшлуулсан билээ. ОХУ-ын Төрийн өмчийн газрын тэргүүн Ольга Дергуновагийн танилцуулснаар 2015 онд төрийн өмчит компаниудын хувьчлалаас олсон 5 тэрбум рублиэр улсын төсвөө зузаатгажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмч хувьчлалын шинэ давлагаа эхэлж байгааг хоёрдугаар сарын 2-нд олон нийтэд мэдэгдсэн юм. Эхний ээлжинд хувьчлагдах компаниудаар газрын тосны “Роснефть”, “Башнефть” болон алмаз олборлолтын “АЛРОСА” тодроод байна.
Сбербанкийг хувьчлахгүй
Энэ удаагийн хувьчлалаар иргэдийн хамгийн их анхаарал татсан асуудал Сбербанктай холбоотой байлаа. Улсын нийт хүн амын 70% буюу ойролцоогоор 110 гаруй сая үйлчлүүлэгчидтэй Оросын хамгийн том банк болохоор аргагүй биз.
Гэхдээ Сбербанк болон төрийн өмчит ВТБ банкуудын төрийн мэдлийн хувийг бууруулахыг Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина эсэргүүцэж, түүний байр суурийг Путин дэмжсэнээр хувьчлалд багтсангүй. 2012 оны 9 дүгээр сард хамгийн сүүлд Төв банк Сбербанкны 7.6%-ийг худалдаж байжээ. Харин Оросын төр ВТБ банкин дахь 75.5%-ийн хувь эзэмшлээ 2013 онд 60.3% болгон бууруулсан аж. Сбербанкны тэргүүн Герман Грефийн хувьд банкны төрийн хувь эзэмшлийг бага багаар бууруулснаар бүхэлд нь хувьд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
“Роснефть”-ийн хувьчлалыг Хятадууд сонирхож байна
Орост төдийгүй дэлхийд тэргүүлэгч “Роснефть”-ийг хувьчлах төлөвлөгөөг 2014 онд Оросын Засгийн газар баталсан юм. Хувьчлах төсөлд компанийн 19.5%-ийг 2006 онд IPO хийсэн хувьцааны үнэлгээнээс бууруулахгүйгээр худалдах нөхцөлийг тусгажээ. Тухайн үед “Роснефть” компани нэгж хувьцааны үнийг 7.55 ам.доллараар үнэлэн IPO гаргахдаа 10.7 тэрбум ам.долларыг босгосон юм. Энэ үед компанийн 19.5% нь 15.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. Үүний дагуу зөвхөн “Роснефть”-ийн 19.5%-ийн хувьчлалаас 500 тэрбум рублийн орлого олох боломжтой гэж Оросын Сангийн яам өнөөдөр тооцоолж байна.
Энэ тухай өнгөрсөн оны 12 дугаар сард Сангийн сайд Анатолий Силуанов мэдэгдэх үеэрээ Хятадын хөрөнгө оруулагчид хувьчлалыг сонирхож байгаа тухай дуулгаад авсан. Хятадын хөрөнгө оруулагчид ашигтай санал тавьсан тохиолдолд татгалзах зүйлгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2014 онд “Bloomberg”-д өгсөн ярилцлагдаа өгүүлж байсан удаатай. 2006 онд “Роснефть”-ийг IPO гаргах үеэр Хятадын CNPC корпораци нь Оросын компанийн 0,6%-ийг худалдан авчээ. Оросын газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч компанийн хувьчлалыг Энэтхэгийн хөрөнгө оруулагчид ч бас сонирхож байна. Жилийн 65,7 сая ам.долларын хөрөнгийн эргэлттэй “Indian Oil Corporation” компанийн ТУЗ-ийн дарга Баласубраманьян Ашок энэ талаар мэдэгджээ. Өнөөгийн байдлаар “Роснефть” компанийн 69,5%-ийг Оросын төрийн “Роснефтегаз”, 19,75%-ийг Их Британийн BP компаниуд тус тус эзэмшиж байна.
АЛРОСА-г хувьчлахгүй байхыг якутууд Путинээс хүсэв
Алмаз үйлдвэрлэгч АЛРОСА групп 2013 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, 41 тэрбум рублийн хөрөнгө босгох үед компанийн төрийн мэдлийн 7%-ийг 18 тэрбум ам.доллараар хувьчилж байжээ. Тэгвэл энэ удаагийн өмч хувьчлалаар төрийн хувь эзэмшлийн 19%-ийг худалдахаар Оросын Засгийн газрын төлөвлөгөөндөө багтаасан байна. Уг хувь хэмжээ өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр Орос улсын төсөвт 1.14 тэрбум ам.доллар буюу 86.9 тэрбум рубль оруулах тооцоотой. Алмазын олборлолтоор дэлхийн 27%, Оросын 97%-ийг эзэлдэг АЛРОСА группын 43.9% Оросын Төрийн өмчийн газар, 25% Якутын Засгийн газар, 8% нь Якутын орон нутгийн мэдэлд байдаг байна. Якут үндэстний уугуул соёлоос үлдсэн цөөн бэлгэ тэмдгийн нэг бол алмаз чулууны олборлолт учир тус улсын Засгийн газрын мэдлийн хувьцааг хувьчлахгүй байхыг якутчууд Путинээс хүсчээ. Байгалийн арвин баялагтай Якутын газар нутагт өнөөдөр Оросын уул уурхайн хамгийн том компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа “АЛРОСА” группын татвар нь Якут улсын төсвийн 20%-ийг бүрдүүлдэг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмч хувьчлалын асуудлаар “Оросын төмөр зам”-ын Ерөнхийлөгч Олег Белозеров, АЛРОСА группын Ерөнхийлөгч Андрей Жарков, “Башнефть” компанийн тэргүүн Александр Корсик, “Роснефть”-ийн Ерөнхийлөгч Игорь Сечин, “Совкомфлот”-ын Ерөнхий захирал Сергей Франк, ВТБ банкны тэргүүн Андрей Костин, “Аэрофлот”-ын Ерөнхий захирал Виталий Савельев нарыг хүлээн авч уулзахдаа компаниудын хувийг худалдан авагчид ОХУ-д бүртгэлтэй байх, өмч хувьчлалын хэлэлцээр хуулийн дагуу, тунгалаг явагдах ёстойг анхааруулсан юм.
2015 оны 12 дугаар сард Оросын Засгийн газар 2016 оны улсын төсвөө батлахдаа өмч хувьчалаас 33.2 тэрбум рублийн орлого олохоор тооцсон байна. Тус улсын эрх баригчид томоохон компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50%-иас бууруулан 2018 он гэхэд 25%-д хүргэх шаардлагатай гэж үзэж буй.