OҮИТБС-ын Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаар өнөөдөр Уул уурхайн яаман дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбартай холбоотой, тэр дундаа тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрч, иргэн байгууллагын хэн ч хаанаас ч сонирхсон мэдээллийг Цахим мэдээллийн нэгдсэн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.
Хэвлэлийн бага хуралд ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгч Пол Моффат, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа болон “Төлсөн авснаа нийтэл” ТББ, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллүүд, “Интерактив” компанийн удирдлагууд оролцсон юм.
Монгол улс ОҮИТБС-д 2006 онд нэгдэн орсон бөгөөд 2006-2015 онд нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж, дэлхийн болон Монголын олон нийтийн хүртээл болгожээ.
Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж гарган, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.
Энэ их мэдээллийг урьд өмнө нь цаасан байдлаар тайлагнахад материал их зарцуулах, хугацаа алдах, төрөл бүрийн техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол, хүртээмж буурах зэрэг хүндрэлүүд гарч байжээ.
Иймд ОҮИТБС-ын тайланг цахимаар тайлагнах, цугларсан мэдээллийг олон нийтэд хурдан, шуурхай хүргэх, мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техникийн туслалцаатайгаар Монгол улсын “Интерактив” ХХК-ийн 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтад оруулаад байгаа аж.
ОҮИТБС-ын Ажлын албаны мэдээллийн технологийн зөвлөх Г.Ганбат “2013 оноос цахим тайлагналын системийн судалгааг 2013 оноос эхлүүлсэн. 2014 оны дөрөвдүгээр сараас системийн боловсруулалтын ажил эхэлж таван сарын хугацаанд амжилттай дуусгалаа.
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнөх жилийн ОҮИТБС-ын тайланг хүлээн авч эхэлсэн. 2015 оны есдүгээр сараас төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлж, үргэлжилж байна” хэмээн ярилаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ахлах зөвлөх Пол Моффат “ЕСБХБ-ны зүгээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг сүүлийн хэдэн жилийн турш дэмжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Мэдээллийг практик хэрэглээнд шилжүүлэхэд хамтарч ажилласандаа таатай байна” хэмээн онцлов.
МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа “Цахим мэдээллийн нэгдсэн сан бол маш том дэвшил. Гэхдээ хэрэглэгч нар өөр өөрийн хэрэгцээ, шаардлагатай байдаг. Тиймээс зорилтот бүлгүүдэд хандсан хэлбэрээр мэдээллээ хүргэдэг болбол илүү сайжирна” хэмээн саналаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурьдахад, энэ оны хоёрдугаар сард Перу улсад зохион байгуулагдсан ОҮИТБС-ын Олон улсын бага хурлын үеэр Монгол улс “мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлсний төлөө” ОҮИБТС-ын даргын нэрэмжит шагналыг хүртсэн билээ.
Цахим мэдээлийн нэгдсэн санг сайжруулахад хэрэг болохуйц санал, сэтгэгдлийг ОҮИБТС-ын Ажлын албаныхан хүлээж авна гэдгээ мэдэгдлээ.
Г.Идэр