Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Эрдэнийн чулууны геологийн судалгаа хийгдэхгүй байна

Ярилцсан Г.Идэрхангай

The Mongolian Mining Journal /2016.02 №002/ 087/

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын улсын байцаагч, эрдэнийн чулууны шинжээч Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа.




Монгол улсад эрдэнийн чулууны олборлолт, боловсруулалт ямархуу түвшинд явна вэ?  
Монгол оронд өнгөт, эрдэнийн чулууны геологийн судалгаа шинжилгээ 1960-аад оноос хийгдэж, тодорхой хэмжээнд хөгжиж ирсэн ч томоохон орд газар хараахан нээгдээгүй байна. Гэхдээ 1980-аад оныг хүртэл нийтдээ 160 гаруй өнгөт, эрдэнийн чулууны орд, илэрцийг нээсэн. Тэдгээрээс манайдаа томоохонд ордог анарын ордууд гэвэл Архангайн Шаврын царамын пироп, Говь-Алтайн Цээлийн Алтан худгийн альмандины орд юм.

Одоогоор Дорноговийн Даланжаргалангийн мана гартаам, Хөвсгөлийн Шишхэдийн голын ногоон хаш, Цагаан чулуутын гантиг, Төв аймгийн Замтын шар боржин, Авдрантын ногоон боржинг ашиглаж байна. Баянхонгорын ягаан болор, Өвөрхангайн чүнчигноров зэрэг чулуунуудыг тодорхой хэмжээгээр олборлон, ашиглаж байсан. Төв аймгийн Баянцогтын усан биндэръяа, Горхийн усан болор, Хэнтийн Цэнхэрмандалын цагаан тугалганы ордоос молор  зэргийг түүж, бага хэмжээгээр  боловсруулан ашиглаж байснаас  үзэхэд Монгол орны өнгөт, эрдэнийн чулууны олборлолт, боловсруулалт төрийн нэгдсэн бодлогын хэмжээнд хөгжиж чадаагүй нь тодорхой байдаг.

Геологийн салбарын судалгаа шинжилгээ нь уул уурхайгаасаа 20 гаруй жилээр түрүүлж хөгжих ёстой.  Үндсэндээ 1980-аад оноос хойш эрдэнийн чулууны  геологийн судалгаа огт хийгдээгүй. Энэ төрлийн орд, нөөц ч тогтоогдсонгүй. Зөвхөн  эрдэнийн чулуу сонирхсон  хувь хүмүүсийн үйлдлээр хууль бус олборлолт, арилжаа хийгдэж байна.  Харин чулуу боловсруулах үйлдвэрлэл нэлээд сэргэлээ.

Сүүлийн жилүүдэд нинжа, ченжүүд гэх бүлэг хүмүүс үнэт метал, эрдэнийн чулууны хууль бус олборлолт, арилжаа хийсээр байна. Тэдний үйлдлийг хэн ч зогсоож чадахгүй байгаа?

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө манай Сорьцын хяналтын газраар 2013 онд гэхэд хоёр иргэн 6 килограмм алтанд сорьцын шинжилгээ хийлгэсэн байдаг. Гэтэл алтны нөөцийн төлбөрийг 2.5 хувь болгож бууруулангуут 2014 онд 130 иргэн 3.0 тонн алтанд сорьц тогтоолгож. Эрдэнэсийн санд борлуулсан.

Нинжа нар алтнаас гадна хагас үнэт чулууг хууль бусаар олборлож байна. Дорноговийн Даланжаргалан, Айраг сум, Өвөрхангайн Арц богдын нуруу, Баянхонгорын зарим нутагт мана, гартаамын үүсмэл ордууд бий. Эдгээр орд одоо байхгүй болж, нинжа нар гадаргууг нь шүүрдэж, самнан түүгээд дуусгасан гэж сонссон.

Дорноговь, Өмнөговийн нутгаар элбэг байсан чулуужсан мод Хятад руу гараад дууссан. Чулуужсан мод маш гоё өнгө ордог, босоогоор нь байрлуулахад өндөр, үзэмжтэй. 2008 оны Бээжингийн олимпийн бэлгэ тэмдгийг Монголын чулуужсан мод, мана хоёроор хийнэ гэж өндөр үнээр худалдаж аваад дуусгалаа гэж хүмүүс ярьдаг.
Энэ мэтээр эрдэнийн чулуугаа Хятад руу ямар ч хараа хяналтгүй зөөсөөр байна.

Сорьцын хяналтын газрын сорьц тогтоосон алтыг битүүмжлээд Монголбанкинд тушаадаг болсон гэсэн. Өмнө нь ийм битүүмжлэл байгаагүй хэрэг үү?
Алтны татвар 2.5% болж буурснаар хүмүүс Монголбанкинд алтаа тушаах сонирхолтой болж, хил давуулан хууль бусаар зарж борлуулдаг явдал эрс буурсан. Манай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн олборлосон алтыг хайлуулаад сорьц тогтоох шинжилгээ хийж, тусгай уутанд савлан битүүмжлээд өгдөг.

Битүүмжлэгдсэн алт задарсан байвал Монголбанк авдаггүй учраас дахин сорьц тогтоох шинжилгээ хийлгэж, битүүмжилж өгөх шаардлагатай болдог.

Сорьцын баталгааны тэмдгийг худалдан авагч хэрхэн таних вэ? Сорьцын баталгааг хуурамчаар үйлдэх  явдал гардаг  уу?

Манай үндсэн эмблем болох босоо хатан сүйхэн дотор “М” үсэгтэй. Урдаа цэгтэй, ардаа “585” гэх мэтээр сорьцыг нь илтгэсэн цифртэй. Алтны сорьц болохоор зууван дугуй, мөнгөнийх зургаан талт дүрсэн дотор байх жишээний. Олон улсын практикт алтыг “750”, “585” гэсэн хоёр сорьцоор экспортын стандартаа болгодог. Мөнгийг “925” гэсэн сорьцоор үйлдвэрлэдэг. Улс, үндэстний уламжлал, онцлогоос хамаарсан өвөрмөц сорьц ч бий.  Монголчууд шижир алт, цалин цагаан мөнгө гэж ярьдаг нь их сайндаа л “960”-ын сорьцтой байдаг.

Дууриалган хийх явдал мэр сэр гардаг. Тийм хүмүүсийг илрүүлэн хууль, шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Энд нэг онцлог бий. Бүтээгдэхүүндээ дуураймал тэмдэг дарсан нөхөр хайлшаа стандартын дагуу бэлтгэсэн байх тохиолдол бий. Энэ нь нэг талаас хэрэглэгчийг хуурч мэхлээгүй боловч төрийн хууль, дүрэм, эрх ашгийг хөндөж байгаа юм. Монгол улсын зохих хууль, дүрмийн ёсоор Сорьцын улсын хяналтын алба л сорьцын баталгааны тэмдэг дарж өгөх үүрэгтэй.

Алт хайлуулах, цэвэршүүлэх гэсэн хоёр ойлголтыг хүмүүс хольж, хутгаад байх шиг байдаг. Та мэргэжлийн хүний хувьд зөв ойлголт өгнө үү?
Нунтаг шороон алтыг хайлуулан тодорхой зөв хэлбэрт оруулан гулдмай болгохыг “хайлах” гэдэг. Гэтэл манайхан үүнийг “цэвэршүүлэх” гэж  яриад байдаг. Монгол алтны дундаж сорьц “900”. Өөрөөр хэлбэл, монгол алтны 90 хувь нь алт, арван хувь нь мөнгө, бусад элементийн хольцтой байдаг. Эдгээр бусад элементийг нь ялгаж, алтныхаа сорьцыг “995-999” болгохыг “цэвэршүүлэх” гэдэг. Цэвэршүүлсэн 999.9-өөс дээш сорьцтой алтыг цэвэр алт гэдэг. Олон улсад алтан гулдмайг дээд тал нь 400 унц буюу 12.5 кг болгож цутгадаг юм билээ.  

Чулуунд агуулгаас нь шалтгаалаад өнгийн өөрчлөлт гарах уу?
Дэлхийн чулуулаг бүрхүүлийн 70 гаруй хувийг цахиурын исэл эзэлдэг. Цахиурын исэл тунгалаг байвал болорын, тунгалаг биш бол манын бүлгийн чулуу болдог. Өнгөгүй тунгалаг нь усан болор, бор шаргалдуу нь утаат болор, нимбэгэн шаргал нь цитрин, чернилэн ягаан нь аметист, ягаан нь ягаан болор гэх зэргээр ялгагдана.

Цахиурын исэл дээр ямар металын ион нэмэгдсэнээс шалтгаалан чулууны өнгө хувирна. Хар өнгөтэй нь “хар мана”, хар цоохор толботой бол “халтар мана”, “харлаг мана”, улаан шаргал өнгөтэй нь “чон мана”. Цагираг бүтэцтэй бол гартаам, гэрлийг нэг чиглэлд хугалж байвал “нүд” гэх жишээтэй. Нүдэн дотроо бор шаргал нь “барын нүд”,  ногоон нь “муурын нүд”, цэнхэр нь “шонхорын нүд”, одтой бол “ундрам”, устай бол “гэрэлт чимид” гээд явчихна. Чулуу ч, метал ч найрлагаасаа хамаараад өнгө нь ингэж өөрчлөгддөг.

Алт, мөнгө, платина, платины бүлгийн палладий, иридий, родий, рутений, осмий /алтнаас тав дахин өндөр үнэтэй/ гэсэн найман метал нь хими, физикийн олон шинж чанараараа ойролцоо учраас үнэт металын бүлэгт багтдаг.

Гарал үүсэл, нэршлийнх нь хувьд эрдэнийн чулууг  яаж ангилдаг вэ?
Чулууг гарал үүслийнх нь хувьд үндсэнд нь байгалийн чулуу /natural/, таримал чулуу /synthetic/, хиймэл чулуу буюу дууриамал  /imitation/ гэж  ангилдаг. Байгалийн чулуунд байгаль дээр үүссэн бүх төрлийн чулууг хамруулдаг бол таримал чулуунд байгалийн чулууны найрлагатай түүхий эдийг лабораторийн нөхцөлд талстжуулан ургуулж гаргаж авсан чулууг хамруулдаг.

Харин хиймэл чулуу гэдэгт янз бүрийн түүхий эдээс гаргаж авсан болон чулууг дуурайлгаж хийсэн бүх төрлийн материалуудыг оруулдаг.  Корунд буюу хөнгөн цагааны исэл дээр хром нэмэхээр улаан өнгөтэй рубин буюу бадмаараг болдог. Мангани, төмрийн ион нэмэхээр цэнхэр өнгөтэй сапфир болно. Мөсөн чихэр, давс савандаа ургадагтай адилхан технологи л доо. Хиймэл буюу дууриамал чулуу нь тунгалаг шил болон бусад биетийн завсраар өнгийн цавуугаар наагаад тухайн чулууг гаргаж авч байгаа юм. Цэнхэр өнгийн тосон будгийг, гялгар хүүдий, нефтьтэй холиод шахаж хатууруулан оюу хийдэг. Хүмүүсийн хэрэгцээ сонирхол өөр өөр. Зарим нь санхүүгийн чадвараасаа шалтгаалаад, дуураймал чулуун эдлэл авдаг. Үүнийг буруутгах аргагүй. Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн практикт байдаг л асуудал. Харин эдийн засгийн үнэлгээ талаас нь чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэх мэтээр ангилдаг.

Үнэт метал, чулуу нь гаднах байдлаараа мэдэгдэхгүй байх тохиолдол бий юу? Түүнийг хэрхэн шинжилж, тодорхойлдог юм бэ?  

Чулуу, метал болгонд өөр өөр. Алтыг гэхэд тодорхой хэсэг дээж тасалж аван бүх хольцыг бүгдийг тусгай бодист уусгаад, цэвэр алтыг үлдээнэ. Түүнийгээ жинлэж, алтны сорьцыг тогтоодог. Үүнийг “жингийн арга” гэдэг. Нэг грамм алтыг дээрх байдлаар уусгахад 585 мг алт тунавал “585”-ын сорьцтой гэж үзэх жишээтэй. Мөнгөний тухайд арай өөрөөр тогтооно. Чулууны хувьд хатуулаг, өнгө, талстын хэлбэр, хагаралын болон хуваагдлын гадаргуу, гялга, хувийн жин, үнэр, амтнаас эхлээд гадаад маш олон шинжээс гадна хими, физикийн бусад олон шинжээр нь ялгаж тодорхойлдог. Дэлхий дээр 3000 гаруй төрлийн эрдэс, 5000 гаруй төрлийн чулуу бий гэсэн судалгаа байдаг.

Swarovski  чулуу мөн үү?
“Swarovski” бол байгалийн чулуу биш, imitation буюу хиймэл чулуу. Австри улсын хагас үнэт чулууг орчин үеийн өндөр технологиор үйлдвэрлэдэг нэг л компанийн нэр. Манайд орж ирсэн тэдгээр эдлэлүүд үнэт эдлэл биш, энгийн гоёлын зүйлс. Хиймэл чулуугаа маш гоё талстжуулаад,ар талын шөвгөр үзүүрийг хэдэн давхар өөр өөр өнгийн лазерын туяагаар шарж, өнгө оруулан будчихдаг юм. Тиймээс урд тал нь гэрэлд цацарч гялалзаад маш гоё харагдаг. Гэтэл манайхан байгалийн жинхэнэ болор чулуугаар хийсэн гоёлын зүйлийг зүгээр л  шил гээд тоодоггүй. Ер нь үнэт, хагас үнэт чулуугаар гоёл чимэглэлийн эдлэлийн шигтгээ хийсэн бол гэрлийг нэвт ойлгохын тулд арыг нь онгорхой үлдээдэг. Гэтэл “swarovski” шигтгээг өмд, гутал, ноосон эдлэл дээр хүртэл хэдэн зуугаар нь наачихсан байдаг.



Үнэт чулууг үнэлдэг зарчимтай гэдэг. Тэр нь ямар зарчим байдаг юм бол?
Олон улсын практикт чулууг үнэлэх хамгийн гол 4 шалгуур үзүүлэлтийг дөрвөн си /4С/-гээр тодорхойлдог. Нэгдүгээрт,  тунгалагшилт /сlarity/. Чулууны дотоод бүтцийг тусгай өсгөгч шил / loupe/-ээр ажиглахад ямар нэгэн толбо, цэгэн биетийн ул мөр байхгүй бол “Loupe clean” буюу тунгалаг байна гэж үзсэнээр үнэлгээний зэрэглэл дээшилж, үнэ өсдөг. Хоёрдугаарт, өнгө /color/. Чулууны өнгө нэгэн жигд тод байх тусмаа үнэтэй болно.  Өнгөний жигд тод байдлыг “ААА”-аар зэрэглэж ялгах бөгөөд “АА”, “А” болохоор өнгө жигд биш, бүдгэрч үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, жин буюу /carat/. Чулууны жинг “carat” гэдэг нэгжээр илэрхийлэх бөгөөд “ct” гэж тэмдэглэдэг. 1 ct нь 200 мг буюу 0.2 граммтай тэнцдэг. Жин их байх тусам үнэ өснө. Дөрөвдүгээрт, засалт буюу /сut/. Чулууг олон хэлбэртэй талст гарган засах нь үзэмжтэй харагдуулах нэг нөхцөл болно. Бриллиант, маргад, pear /дусал/, shield /бамбай/, navette /завь/, heart /зүрх/, oval, cabochon гэх мэт олон төрлийн засалтын хэлбэр бий. Сүүлийн үед чулууны дизайнеруудын холимог, нийлмэл засалтын сонгодог хэлбэрүүд ч их гарах боллоо. Чулууны засалтын гол зарчим нь тал, ирмэг, булангуудын уулзвар, тэгш хэмийн харьцаа, хэлбэр юм. Эдгээр нь үнэлгээнд ихээхэн нөлөөлдөг.

Карат гэдэг үг үнэт метал, эрдэнийн чулуу хоёуланд нь хэрэглэгддэг ижил дуудлагатай боловч өөр өөрөөр бичигддэг. Энэ ямар учиртай юм бэ?

“Кarat” гэж бичсэн байвал “К” үсгээр тэмдэглэх бөгөөд үнэт металын сорьцыг илэрхийлэх нэгж болдог. “Carat” гэж бичсэн байвал “ct”-ээр тэмдэглэх бөгөөд чулууны жингийн нэгж болно. Зөвхөн алтан эдлэлийн сорьцыг каратаар илэрхийлэх бөгөөд 14К гэвэл 583 сорьцтой, 24К гэвэл 999.9 сорьцтой тэнцдэг.

Бриллиант гэж чулуу байдаггүй гэж та хэлсэн байсан?  
Үнэт чулуунд дөрвөн өнгийн, хамгийн хатуу, бас ховор чулууг л хамруулдаг. Өнгөгүй тунгалаг нь доржпалам /diamond-алмаз/, улаан өнгөтэй нь бадмаараг /ruby-рубин/, цэнхэр өнгөтэй нь индраанил /sapphire-сапфир/, ногоон өнгөтэй нь маргад /emerald-изумруд/.  Монголоор доржпалам гэдэг хамгийн хатуу, үнэтэй, өнгөгүй тунгалаг чулууг л хүмүүс алмаас, очир алмаас, бриллиант гэж олон янзаар нэрлээд байгаа юм. Энэ чулууны орос нэр нь алмаз, Англи нэр нь diamond. Бриллиант гэдэг нь анх доржпалам гэдэг чулууг дугуй одлог хэлбэрээр 57-58 ширхэг талст гарган зассан засалтын нэр бөгөөд энэ нь “brillians” гэсэн үгнээс гаралтай гялалзах гэсэн англи үг юм.

Монголд алмазны илэрц бий юу?
Монголд алмазны хайгуулыг тусгайлан өргөн хүрээнд хийж байгаагүй. Харин Архангай аймгийн нутагт хийсэн зарим судалгааны үр дүнд алмазны дагуул чулуу болох пиропын ордоос маш жижиг хэмжээтэй алмаз олсон байдаг.   

Тана чинь чулуу биш юм уу?   
Орос, Монголд л тана гэж ялгаж ярьдаг. Органик буюу амьтан, ургамлын гаралтай гуравхан төрлийн чулуу бий. Энэ нь шүр, сувд, хув гурав. Хув нь модны давирхай, шүр нь далайн ёроолын нялцгай биет амьтан, сувд нь нялцгай биет амьтны ялгадас. Тана бол далай тэнгисийн ёроолын нялцгай биет амьтны гаднах хавтасны дотор талын солонгорсон хэсгийг хэлж байгаа юм. Олон улсад түүнийг эх сувд буюу “mother of pearl”  гэж нэрлэдэг.

Монголд хамгийн элбэг хагас үнэт чулуу юу вэ?
Дорноговийн Даланжаргалангийн Тоглоомтын тойрог, Өвөрхангайн Арц Богд бол мана, гартаамын нутаг. Галт уулын дэлбэрэлтээс гардаг лавны нүх сүвийг цахиурын исэл дүүргээд царцчихдаг.

Тэр нь мана, гартаам болдог. Тийм чулуу байгалийн бусад хүчин үер ус, салхины нөлөөгөөр зөөгдөн нэг газар ихээр хуримтлагдсан нь Тоглоомтын тойрог болж л дээ.
Архангайн Тариатад анарын орд бий. Анарын бүлэгт хар хүрнээс ногоон хүртэл 13 өнгийн чулуу байдаг. Пиропоос арай шингэн, улаандуу өнгөтэй альмандин гэдэг чулуу Говь-Алтайн Цээлд байна. Сүхбаатар аймгийн Асгат суманд усан биндэръяа гэж цэнхэр өнгөтэй хагас үнэт чулуу байгаа. Хөвсгөлийн Шишхидийн тайга тэр чигээрээ ногоон хашны өлгий нутаг. Хас буюу чүнчигноров хаа сайгүй.

Чүнчигноров гэснээс яг ийм чулуу бий юу?
Байхгүй. Шинжлэх ухааны нэр нь “хас” буюу jasper. Чүнчигноров гэдэг нь өөрөө түвд үг юм билээ. Чүн-хангарьд, чиг-бөөлжис, норов-эрдэнэ буюу “Хангарьдын бөөлжсөн эрдэнэ” гэсэн утгатай нэр юм. Хасны хэмхдэсүүд манатай холилдсон буюу брекчлэгдсэн хас чулууг л чүнчигноров гэж нэрлээд байгаа юм. Аль ч улсад орон нутгийн чанартай болон худалдааны нэр томьёо гэж байдаг. Тиймээс энэ чулууг монголчууд чүнчигноров гэж нэрлэхэд болохгүй зүйл огт байхгүй.

Өнөөдөр Монголд хамгийн үнэтэй чулуун эдлэл гэвэл хөөрөг л байх шиг байна?
Чулуу нь тухайн ард түмний уламжлал ёс заншлаас шалтгаалсан үнэтэй байдаг. Хөөрөг зөвхөн Монголд л үнэтэй. Германд гол руу нь ганц өрөмдөөд гуулиар эрэгдээд таглачихсан хөөрөг байж л байдаг. Хэн ч тоож худалдаж авдаггүй.

Монгол залуус хөөргийг маш сайхан хийдэг болсон байна. Чулууны сонголт, хөөрөгний дизайн өөрчлөгдөж, багаж хэрэгсэл ч сайжирчээ. Үнийн хувьд цагаан хаш, сийлбэртэй улаан шүр, жадейт /пийсүү/ хөөрөгнүүд үнэтэй байдаг. Хөөрөгний хэлбэр янзыг хийж буй чулууныхаа олдсон хэмжээ, хэлбэр, шинж чанараас хамааруулан шийддэг. Цагаан хашаар голдуу хавтгайдуу, дөрвөлжин хэлбэртэй хөөрөг хийдэг. Бөөрөнхий, сийлбэртэй хөөрөг хийх нь тийм ч элбэг биш. Чүнчигноров хөөргийг ихэвчлэн бөөрөнхий хэлбэртэй хийхээс барагтай бол хавтгай хийдэггүй. Гартааман хөөрөг зуувандуу, шүрэн хөөрөг  ихэвчлэн сийлбэртэй байх жишээтэй. Манайхан цагаан  шүр гэж нэрлээд байгаа микрокальцит гэдэг чулуу бий. Ийм чулуугаар ихэнхдээ сийлбэртэй хөөрөг хийдэг. Зөөлөн болохоор сийлбэр хийхэд хялбар.

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэв гуай хөөргийг “Эрдэнийн чулуун жуух” гэж нэрлэсэн байсан?
Энэ бол маш гоё нэршил. Эрт үед хуучны танил хүмүүс бие биедээ хөөрөгний толгойгоо зөрүүлж мэндчилгээ явуулдаг, өөрөөр хэлбэл дипломат мэндчилгээ дамжуулдаг байсан байгаа юм. Тэр утгаар нь чулуун жуух гэж нэрлэжээ. Хөөрөгний хамгийн үнэтэй нь толгой. Монголчууд хөөрөгний толгойг дандаа шүрээр хийдэг. Шүрэн толгойн хэмжээ хэдий том байна тэр хэмжээгээр үнэ нь өсдөг. 1 төгрөгний мөнгөний диаметртэй шүрэн толгой гэхэд  40-өөс доошгүй грамм болдог. 1 граммыг нь 100 ам.доллараар бодоход 40 грамм нь 40 сая төгрөгөөс доошгүй болох нь. Сайн  чанарын, жигд өнгөтэй, ямар нэг хагаралгүй, толбо судалгүй, тод улаан өнгөтэй шүрийг ака, цайвар, улбар шаргалдуу, улцан ягаандуу өнгөтэй, өмхөрсөн шүрийг муму гэж ялгадаг бөгөөд ака өндөр, муму хямд үнэтэй байдаг.  

Хөөрөг худалдан авсан хүмүүс Сорьцын шинжилгээний газраар шинжлүүлдэг үү?
300 сая төгрөгөөр авсан цагаан хаш хөөрөг нь шахмал чулуу байсан тохиолдол бий. Манай Сорьцын хяналтын газарт 10 мянган төгрөг төлөөд үнэт эдлэлдээ гэрчилгээ аваагүйгээс болж хүмүүс хөрөнгө мөнгөөрөө хохирох явдал гардаг. Би энэ талаар байнга сурталчилдаг ч нөгөө талаасаа хөөрөгний ченжүүдийн сөрөг сурталчилгаа их байдаг.

Энергийн чулуу гэж ярьдаг. Үнэхээр хүнд энерги өгдөг чулуу байдаг юмуу?
Дэлхийн бүх улсад чулууны энергийг судалсан байдаг. Маш том эрдэмтдийн судалгааны үр дүнгүүд ч гарсан. Хамгийн гол нь өнгөний болон талстын хэлбэрийн зарчим чухал нөлөөтэй юм билээ. Чулуу өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас маш их энерги шингээсэн байдаг. Тэр энергээ эргүүлээд хүнд дамжуулж өгдөг. Хамгийн их энерги өгдөг чулууг зөв талсттай усан болор гэж үздэг. Харин хиймэл буюу синтетик чулуунууд энерги өгнө гэсэн ойлголт байхгүй.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, олон улсын практикт болон шинжлэх ухааны нэр томьёонд  тогтсон хэллэгтэй чулууны нэрийг буруу орчуулж хэрэглэх нь буруу юм. Үүнийг иргэдэд зөвөөр ойлгуулах нь бидний үүрэг.