2014 онд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Монголд Үндэсний геологийн алба байгуулах тухай тусгагдсан байдаг. Харин энэхүү ажил одоогийн байдлаар санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн дараагийн Засгийн газрын үед хэрэгжих эсэх нь ч эргэлзээтэй байна.
Монгол, Австралийн Засгийн газрын хооронд Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн тухай гэрээ байгуулж, энэ хүрээнд 2015-2018 онд тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр болсны нэг нь “Монгол улсад Үндэсний Геологийн алба байгуулахад техникийн туслалцаа үзүүлэх” төсөл юм. Хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Адам Смит Интернэйшнл ажиллаж байгаа юм.
Тус техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд үндсэн дөрвөн ажил хийж байгаа бөгөөд үүнд салбарын яамны Үндэсний геологийн алба байгуулах чиг үүрэгтэй ажлын хэсэгт Геологийн албаны стратеги, бизнес төлөвлөгөө, эрх зүйн орчны судалгаа, санхүүжилтийн загвар боловсруулахад дэмжих; салбарын яамны геомэдээллийн сангийн үйл ажиллагааг үнэлж, олон улсын стандартаар сайжруулах боломжийг судлах; тус албанд шаардагдах мэргэжил, мэргэшил, ур чадавхийн үнэлгээ хийх; тус алба байгуулагдсаны дараа Стратегийн төлөвлөгөө боловсруулахад туслах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.
Төслийн хүрээнд гүйцэтгэх эхний шатны ажил болох “Үндэсний геологийн албаны олон улсын загваруудын үнэлгээ” тайлан аль хэдийнэ бэлтгэгдэн гарсан бөгөөд удахгүй Үндэсний геологийн албаны Стратеги бизнес төлөвлөгөөг дуусгахаар ажиллаж байгаа тухай төслийн зөвлөх Ч.Батхуяг ярилаа. Мөн Үндэсний геологийн албыг Монголд байгуулахад хууль эрх зүйн талаас шинжлэх, геологийн нэгдсэн сангийн цахим хувилбарыг сайжруулах ажлыг хийж буй юм.
Олон улсад Үндэсний геологийн алба нь зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй өргөн хүрээнд ажиллах байгууллага байдаг. Гэвч энэ чиглэлийн байгууллага Монголд зах зээлд шилжихтэй зэрэгцэн хаагдаж, эдүгээ хүртэл хоосон яриа төдий орхигдсоор иржээ. Хамгийн сүүлд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тус алба байгуулах тухай тусгаснаар эрх зүйн хүрээнд боломж нээгдсэн байна. Тус алба байгуулагдсанаар Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд үндэс суурьтай ахиц дэвшил авчрахын сацуу бусад олон салбарт геологийн системтэй судалгаа хийх нөхцөл бүрдэнэ. Бусад улс Үндэсний геологийн албаараа дамжуулан геологийн судалгаагаа өргөн хүрээнд чанартай хийж, байгалийн нөөцөө тогтоож, түүнийгээ зөв удирдаж, хөрөнгө оруулалт татаж байна.
Б.Төгс