Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн эрх чөлөөний шагналаар Л.Болормаа эрхлэгчийг нэхэн шагнав

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол таны эрх” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулж байна. Уг арга хэмжээний үеэр “Глоб Интернэшнл” төвөөс жил бүр олгодог хэвлэлийн эрх чөлөөний шагнал болох “Үнэний төлөө” шагналыг нэрт сэтгүүлч, Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч агсан Лунтангийн Болормаад нэхэн олгосон юм.

“Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Энэ жилийн шагналыг та бид бүгдийн сайн мэдэх, олон нийт, уншигчдын танил, домог болж байгаа Лунтангийн Болормаа дүүдээ өгөхөөр манай Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн. Дүү нь нэг ном гаргачихлаа гээд “Даашинзтай сурвалжлагууд” номоо бариад ирж байсан нь одоо юм шиг тодхон санагдаж байна” гээд шагналыг Л.Болормаа эрхлэгчийн төрсөн дүү, Mongolian Mining Journal-ын Маркетингийн менежер Л.Батбаярт гардуулав.


Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Галаарид “Монголын нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа 2015 оны 11 дүгээр сарын 21-нд зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй гарз тохиосон. Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг байсан бөгөөд түүний даацтай жинтэй нийтлэлүүд уншигчдыг байлдан дагуулж байлаа. Л.Болормаа 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлж, 2001-2008 онд тус сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүлзүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүлзүйд анх нутагшуулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Мөн тэрбээр 2008 онд англи монгол хэл дээр хэвлэгддэг, хараат бус, бие даасан  Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж, амжилттай удирдаж байсан юм. Тус сэтгүүл 2008, 2012, 2013 оны үндэсний шилдэг сэтгүүлээр шалгарч байв. Л.Болормаа сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ыг 2010 онд санаачлан байгуулсан. Тэрбээр хараат бус сэтгүүлзүйн жинхэнэ үлгэр дуурайл байсан гэдгийг энд онцолж хэлмээр байна. Жил болгон олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг Л.Болормаа агсанд нэхэн олгож байгаад баяртай байна” гэсэн юм.

Уг шагналд “Олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн 2015 оны “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг нэхэн олгов” гэжээ.

“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол таны эрх” сэдэвт дугуй ширээний ярилцлагад УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг, Д.Сарангэрэл болон НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра болон Хонконг, Япон, БНСУ-ын сэтгүүлчдийн төлөөлөл оролцов.