Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Дэлхийн банк: Төлбөрийн тэнцлийн дарамт 2017 онд өндөр байна

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн хураангуй тайлангаа өчигдөр гаргасан бөгөөд үүнд дурдсанаар Засгийн газрын зардлын хурдацтай өсөлтийг сааруулах арга хэмжээ шаардлагатай байгааг онцолжээ. Төсвийн орлогын бууралт, зардлын өсөлтийн улмаас улсын төсвийн алдагдал хурдацтай тэлж буйг тус тайланд тэмдэглэсэн байна.

Ердөө эхний улирлын байдлаар төсвийн алдагдал бүтэн жилийн хэмжээнд төлөвлөсөн төсвийн алдагдлын 66%-тай тэнцчихсэн явж байгааг дурджээ. Эхний улиралд улсын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-иар буурсан нь эрдсийн бүтээгдэхүүний экспортын орлого хумигдаж, эдийн засгийн эрчим суларснаас үүдсэн байна. Нөгөө талд эхний улиралд улсын төсвийн хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсч, төсвийн нийт зардал 25%-иар өссөн дүр зурагтай байгааг Дэлхийн банк анхааруулжээ. Гэхдээ улсын төсвийн хөрөнгийн зардал өмнөх оныхоос ийнхүү огцом өссөн ч, хөрөнгийн зардлын гүйцэтгэл төлөвлөгөөнөөсөө 53%-иар буурсан дүнтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн хөрөнгийн зардал хоёр дахин өссөн ч, төсөвлөсөн төлөвлөгөөнөөсөө 50 хувийн бууралттай гарчээ.  

Монгол улсын Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд тогтоосон хязгааруудыг баримтлах бодлогоо бэхжүүлж ажиллах шаардлагатай байгааг сануулсан байна. Монголын хувьд урт хугацааны өсөлтийн төлөв сайн байгаа ч, доройтож буй гадаад нөхцөл байдал нь тус улсын эдийн засагт хүндрэл учруулж байгаа тухай Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон мэдэгджээ.

Хэдийгээр сүүлийн үед гадаадаас авсан зээл нь Монголын төлбөрийн тэнцлийн дарамтыг зөөллөж, дотоодын санхүүжилтийн хэрэгцээг багасгаж буй ч гадаад зээлийн хүү өндөр, валютын ханшийн эрсдэл зэрэг асуудал хүлээж буйг тайланд тэмдэглэжээ.

Ирэх онд экспортын бууралт, гадаад өрийн эргэн төлөлт давхацсанаар төлбөрийн тэнцлийн дарамт 2017 оны турш өндөр хэвээр байна гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таэхюн Ли  тайлбарлажээ.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт импортын татварын орлогыг энэ оны хоёрдугаар хагаст аажмаар нэмэгдүүлэх ч, эрдсийн зах зээл ойрын хугацаанд мэдэгдэхүйц сайжрахгүй бол төсвийн орлого бүрдүүлэлт төсвийн төсөөллөөс доогуур байх нь тодорхойг Дэлхийн банкны тайланд дурдсан байна.

Б.Төгс