Сурвалжилга
Бороогийн алтны уурхайтай танилцсан сэтгүүлчдийн аялал
2016-05-05
Э.Оджаргал
2015 оноос эхэлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийн хүрээнд орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэдвээр мэргэшүүлэн, чадавхжуулах сургалтыг бүсчилэн зохион байгуулсан билээ. Сургалтын дараа орон нутгийн сэтгүүлчдээс уул уурхайн үйлдвэртэй биечлэн танилцах хүсэлт цөөнгүй ирсэн юм. Тэрхүү санал төслийн 2 дахь жилийн сургалтын хөтөлбөрт тусгалаа олж, Бороогийн алтны уурхайтай танилцах аялалаар 2016 оны анхны сургалтаа нээсэн.
Байгаль орчны асуудал сургалтын үндсэн сэдэвт багтаж буй болохоор уурхайн үйл ажиллагаа хэдийгээр дууссан ч нөхөн сэргээлтийн ажил явагдаж буй уурхайтай танилцахаар сонгожээ. Орон нутгийн болоод төвийн сэтгүүлчид багтсан нийт 40 хүнтэй баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотоос 110 км-т орших Бороогийн алтны уурхайг зорив.
Энэ жилийн эхний сургалтад Герман улсаас доктор Дирк Асендорпф уригдан багшилсан. Тэрээр уул уурхай, байгаль орчны сэдвээр дагнан бичсэн туршлагатай сэтгүүлч учир Монголд анх удаа томилогдон ажиллахдаа алтны уурхайн нөхөн сэргээлттэй газар дээр нь танилцах болсондоо ихэд олзуурхаж байлаа.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Их Дашрын хөндий дэх алтны үндсэн ордыг түшиглэн хэрэгжсэн төслийн талбай дээр очсон бид уурхайн аюулгүй байдлын журмын дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулснаар хамгаалалтын малгай, гэрэл гялбагчтай хантааз өмсөн нэвтрэх “бүрэн эрх”-тэй болов. “Бороо гоулд” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодол сэтгүүлчдийг хүлээн авч, уурхайнхаа талаар танилцуулсан.
Тэрээр Бороогийн алтны уурхай 1990-ээд оноос хойш Монголд хэрэгжсэн анхны гадаадын хөрөнгө оруулалттай төсөл болохыг онцолж байлаа. Тиймээс уул уурхайн ашиглалт боловсруулалтын орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэргүүний арга барилыг нэвтрүүлж, нутагшуулсан. Ил тод байдал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Монгол улсын эрдэс баялгийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн гэж онцолж байлаа.
Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа 2003 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд ашиглалтын нөөц дууссанаар 2014 оны 12 дугаар сард хаагджээ. Хүдэр боловсруулах үйлдвэрийн тодорхой шат дамжлагаар оруулж алтан гулдмай хүртэл боловсруулж байж. Боловсруулах үйлдвэрээс гадна агуулга багатай хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах төслийг 2009 онд эхлүүлж өнгөрсөн оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлжээ. Алтны үндсэн ордыг нийт 3 карьераас ил уурхайн аргаар олборлохдоо Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгах гэсэн үндсэн хоёр технологиор хүдрийг боловсруулж алтыг ялган авч иржээ.
Уул уурхайн анхны томоохон төсөл учир нарийн мэргэжилтнүүдийг зайлшгүй гаднаас авч байсан ч орон нутгаас 500-600 гаруй иргэнийг ажлын байраар хангаж мэргэшүүлжээ. “Бороо гоулд” компаниас төрөн гарсан мэргэжилтнүүд өнөөдөр Оюутолгойн Баяжуулах үйлдвэрт нарийн мэргэжлийн гол ажлыг гүйцэтгэхээс гадна Монголын бусад олон уурхайд ажиллаж байгаа. Үүнээс үзвэл тус компани Монголд зөвхөн үйлдвэрлэл явуулаад зогсохгүй уул уурхайн салбарт мэргэшсэн, барууны түвшинд тэнцэхүйц боловсон хүчнийг бэлтгэх анхны суурийг тавьсан гэж хэлж болох юм. Өнгөрсөн хугацаанд Канадын хөрөнгө оруулалттай “Бороо гоулд” компани нь Монгол улсын эдийн засагт 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан тооцоо гаргажээ.
Одоо Бороогийн алтны уурхайг хаалтад бэлтгэн, уусмалаа саармагжуулах болоод нөхөн сэргээлтийн ажлууд хийж байна. Хамгийн анх 2003 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагаа эхэлсэнтэй мөр зэрэгцэн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн бөгөөд “Бороо гоулд” компанийн зүгээс 1990-ээд онд Их Даширын хөндийд шороон ордын олборлолт явагдаад орхигдсон талбайг мөн давхар нөхөн сэргээж иржээ. Уурхайн үйл ажиллагаанд нийт 900 га орчим талбайг хөндөгдсөн гэж үздэг байна. Үүнээс 2015 оны байдлаар 436 га газрын нөхөн сэргээлтийг бүх стандарт горимын дагуу хийж дуусаад улсын комисст хүлээлгэн өгсөн аж. Цаашид төлөвлөгөөний дагуу явбал 2020 он гэхэд бүх талбайгаа нөхөн сэргээж дуусна хэмээн Байгаль орчны инженер Г.Мөнхжин танилцуулсан. Тэрээр “Уурхайн нөхөн сэргээлтийн ажлын явц, бодит үр дүн, унаган төрхөндөө орж буй талбайгаа хүмүүст үзүүлж танилцуулах нь хамгийн дуртай ажил минь” гээд сэтгүүлчдэд хөтөчлөн нөхөн сэргээлтийн талбайгаа танилцуулав. Талбайд үе үе адууны хомоол, үхрийн баас тааралдаж байсан нь нөхөн сэргээж тарьсан өвс ногоог бараадан мал бэлчиж буйг илтгэнэ. Сүүлийн жилүүдэд мал ихээр орж бэлчих болсон нь нөхөн сэргээлтийн ажилд бэрхшээл учруулж буйг ”Бороо гоулд” компанийнхан өгүүлж байлаа. Хашаа барьдаг ч заримдаа малчид өөрсдөө эвдээд малаа оруулчихдаг. Энэ асуудлаар компанийн зүгээс орон нутагтай ярилцаж байгаа гэлээ.
Байгаль дээрээ 60 зүйлийн ургамал байсан бол одоогоор нөхөн сэргээж буй талбайд 40-өөд зүйлийн ургамал ургажээ. Энэ нь нөхөн сэргээсэн талбай байгалийн унаган төрхөндөө эргэн очиж байна гэсэн үг юм. Ургамал тарихаас гадна ойжуулалтын ажил ч хийгджээ. 2007 оноос ойжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлснээр өнөөгийн байдлаар 40 га талбайд 10 гаруй төрлийн 50 мянга орчим мод тарьсан байна. Сэтгэл гаргаад арчлах юм бол мод үнэхээр ургадгийг Г.Мөнхжин онцлон ярьж байлаа. Ойжуулалтаас гадна 2014 оноос эхэлж жимсний модны плантаци байгуулжээ. Нөхөн сэргээж байгаа тус талбайд 2010 онд анх 0,5 га газарт 800 ширхэг чацарганы мод тарьснаас өдгөө 799 мод нь ургасан байна. Чацарганаа ажилчид нь өөрсдөө түүж хэрэглэх аж. Чацарганы мод тарьсан нь үр өгөөжөө өгсөн учир 2014 оноос өргөжүүлэн монос, үрэл, давжаа алимны мод тарьсан бөгөөд 2017 оноос үр жимсээ өгч эхлэх гэнэ.
Нөхөн сэргээлт амжилттай хийгдсэн талбайд ургамлаа дагаад амьтад үржжээ. Энд гүрвэл, бах мэлхий, тарвага нутагшаад буй аж. Эдгээр амьтад их эмзэг. Амьдрах экологийн орчин нь бага зэрэг өөрчлөгдөхөд л дүрвээд явчихдаг онцлогтой. Хамгийн анх 2007 онд 7 бүлийн 11 тарвага нутагшуулсан байна. Өнгөрсөн оны үр дүнгийн “тооллогоор” нутагшуулсан тарваганы тоо 27 болж өсчээ. Нөхөн сэргээсэн талбай байгалийн унаган төрхөндөө шилжиж буйг дахин батлах нэгэн жишээ энэ.
Нөхөн сэргээлтийн талбайтай танилцсаны дараа Боловсруулах үйлдвэрийн байгууламж болоод нуруулдан уусгах технологитой газар дээр нь очиж танилцсан нь сэтгүүлч бидний аяллын хамгийн сонирхолтой хэсэг байлаа. Нуруулдан уусгах технологийг нэвтрүүлснээр өмнө нь хаягдалд тооцож байсан 0,2-0,8 г/т агуулга бүхий хүдрийг эдийн засгийн хувьд үр ашигтай боловсруулж байна. Уг технологийн процесс нь геомембрани хулдаас дэвсэж бэлтгэсэн талбайд бага агуулгатай хүдрийг нуруулдан хурааж цианидын сулруулсан уусмалыг хүдэр дундуур нэвчүүлэн алтыг уусган ялгаж авна. Тодруулбал, талбайд нуруулдсан хүдэр дээр утсан хоолойгоор дамжуулан уусмалыг дуслаар нэвчүүлнэ. Хүдрээр нэвчин алтыг шингээж баяжсан уусмал доош урсан тодорхой цөөрөмд очих аж. Алтаар баяжсан уусмалыг цөөрмөөс шахуургаар колонн саванд шахаж, алтыг идэвхжүүлсэн нүүрсэнд шингээн ялгаж авдаг байна.
Герман улсын сэтгүүлч, доктор Асендорпф нуруулдан уусгах технологийн боловсруулалтаар одоо алт гарган авч байгаа эсэх талаар уурхайн мэргэжилтнүүдээс сонирхон асуусан юм. Тус технологиор ялган авсан тодорхой хэмжээний алтыг 7 хоног тутам Улаанбаатар руу хүргэж, Монгол банкинд тушааж буй ажээ. Уурхай болоод компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллээ нуухгүй нээлттэй хэлж, тайлбарлаж өгч байсан нь ихэд таалагдсан тухай сэтгэгдлээ доктор Асендорпф Улаанбаатар хот руу буцах замдаа бидэнтэй хуваалцсан юм. Сэтгүүлч бидний хувьд ч санхүү, татвар, байгаль орчин, орон нутаг дахь хөрөнгө оруулалттай холбоотой олон асуулт тавьж, хариултаа авсан юм.