Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгаль орчны хохиролд Вале, BHP-гээс 44 тэрбум доллар нэхэмжлэв

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд Samarco уурхайн хаягдлын далан сэтэрсний улмаас хөрсний гулгалт үүсч, 19 хүн амь үрэгдэж, хүнд метал, хорт бодисын агууламж бүхий 60 гаруй сая тонн шингэн хаягдал Доси мөрөн рүү алдагдан, улмаар Атлантын далай хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлсэн. Энэ нь хамгийн их хор хөнөөл учруулсан осолд тооцогдож буй учир хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ ч тэр чинээгээр өндөр байх нь тодорхой байсан.

Жилд 30 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай тус уурхайн эзэмшигчид болох Вале, BHP Billiton 6.2 тэрбум долларыг байгаль орчны нөхөн төлбөр болон бусад хохиролд 15 жилийн хугацаанд төлөхөөр өнгөрсөн 3 дугаар сард Бразилийн Засгийн газартай тохиролцоонд хүрсэн юм.

Гэвч Бразилийн хуульчид иргэдийнхээ эрх ашгийн үүднээс хэргийг дахин шинжилж үзэн байгаль орчны нөхөн төлбөр, хохирол амссан айл өрхүүд болон бусад торгуульд нийт 43.6 тэрбум ам.долларыг хоёр компаниас нэхэмжлэхээр шүүхэд ханджээ. Энэхүү төлбөрийн хэмжээг 2010 онд Мексикийн буланд BP газрын тосны магнатын эзэмшлийн Deepwater Horizon хэмээх газрын тосны өрөмдлөгийн тавцан дэлбэрсний улмаас олон сая баррель нефть задгай далайд алдагдаж, 11 хүн амь үрэгдсэн ослын хэрэгт үндэслэн тогтоожээ. Мексикийн булан дахь осол нь газрын тосны салбарын түүхэн дэх хамгийн том осол болсон бөгөөд торгуулийн хэмжээ урьд хожид байгаагүй өндөр хэмжээтэй болсон юм. BP нь байгаль орчны нөхөн сэргээлт, байгалийн нөөцийг сүйтгэсний төлбөр, хохирсон айл өрхийн төлбөр болон бусад торгуульд нийт 54 тэрбум доллар төлөхөөр болсон. Энэ нь тус компанийн 2012 оноос хойш хийсэн нийт цэвэр ашгийн дүнгээс ч их мөнгө юм.

Бразилийн хуульчид тус улсын ард иргэдийн хохирол, байгаль орчны сүйтгэлийн төлбөр өөр бусад улс орныхоос доогуур хэмжигдэх ёсгүй гэж үзэж буйгаа мэдэгдэлдээ дурдсан байна.

Харин BHP-гийн хэвлэлийн алба дээрхтэй холбоотой ямар нэгэн шаардлага хүлээн аваагүй бөгөөд Бразилийн эрх баригчидтай хийсэн урьдны тохиролцоо ослыг арилгах зөв арга зам гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш BHP, Vale-гийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр 6.6%-иар буурчээ. Samarco уурхайг хоёр компани оны сүүлээр нээхээр найдаж байгаа юм.

 

Б.Төгс