Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Coal and Metals Mongolia” чуулган эхэллээ

Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, бизнесменүүд, Салбарын яам, агентлагийн мэргэжилтнүүд гээд уул уурхайн салбарынхан өнөөдөр Корпорейт Конвэйншн төвд чуулж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Coal and Metals Mongolia 2016” чуулган нь нүүрсний “Coal Mongolia”, төмөрлөгийн “Metals Mongolia” хурал болон уул уурхайн тоног төхөөрөмжийн “Minetech” үзэсгэлэнгийн арга хэмжээ нэгдэн зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Хурал, үзэсгэлэнг нээн “Coal and Metals Mongolia 2016” чуулганыг санаачлагч, “Гложекс” группын үүсгэн байгуулагч Л.Наранбаатар үг хэллээ. Нээлтэд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож, уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулах боломж, салбарын өнөөгийн чиг хандлагын талаар илтгэл тавьсан юм. Түүний дараа Монгол улсын Сайд М.Энхсайхан “Нүүрс ба Эрчим хүч: Сургамж” илтгэлдээ Тавантолгой, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ-Овоо төслүүдийн хэрэгжилт, явцын талаар танилцуулав. Тэрбээр Шивээ-Овоогийн төсөлтэй өрсөлдөхүйц том төслийг оросууд Амар мөрний эрэг дээр хэрэгжүүлж эхлээд буйг онцоллоо.

Үдээс өмнөх хурлын илтгэлийн дараа МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа чуулганы хүрээнд “Minetech” үзэсгэлэнг албан ёсоор нээж, үг хэлсэн юм. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед арга хэмжээнүүд нэгдэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ жилээс нэгдэн зохион байгуулагдахаар болсныг тэрээр мэдэгдэв.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээнд төрийн болоод компанийн 25 төлөөлөгч илтгэл тавихаар төлөвлөсөн бол үзэсгэлэнд 80 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа, тоног төхөөрөмжөө дэлгэн танилцуулж байна. Хоёр дахь өдрийн чуулган Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарын “Хөрөнгө оруулалтын орчин, томоохон төслүүдийн хэрэгжилт” илтгэлээр эхэлнэ.


Э.Од