Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах эхний шатны сургалт семинарыг тавдугаар сарын 9-10-нд зохион байгуулж байгаа юм.
Өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон КНХ-ын стратеги төлөвлөгөө боловсруулах хүсэлтээ илэрхийлсэн, алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголболгаргео”, “Сонор трэйд”, “Шижир-Аранжин” компани энэ удаагийн сургалтад хамрагдав.
“Бидний хувьд КНХ-ын стратеги боловсруулах аргачлалыг зааж өгөөд, чиглүүлээд явах юм. Компани өөрөө стратегиа боловсруулах ёстой. Стратеги янз бүр байж болно. Өөрөөр хэлбэл, байгаль орчны үйл ажиллагаа түлхүү явуулдаг, эсвэл орон нутгийн хөрөнгө оруулалтад их анхаардаг гэх мэтээр компаниуд өөртөө тохирсон стратегитай болох хэрэгтэй” хэмээн GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн Компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдлын зөвлөх Кристинэ Худэтц ярилаа.
Энэхүү сургалтаар тэрээр КНХ-ын ерөнхий ойлголт, түүний хөгжил, хэрэгжүүлэх ач холбогдол, үр өгөөжийн талаар системтэй мэдээлэл өгснөөс гадна компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ хэрхэн тодорхойлохыг жишээгээр тайлбарласан юм.
КНХ-ын стратегийг зөв боловсруулснаар компанийн өөрийн үнэ цэн, нэр хүнд өсөх, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангагдах, үйл ажиллагааны зардлаа бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зэрэг эерэг талууд олноор бий болно хэмээн сургалтад оролцогчид үзэж байна. Семинарын хоёр дахь шатны сургалтыг зургадугаар сарын эхээр зохион байгуулах аж.
Г.Идэр