Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын эрдсийн худалдааны үзүүлэлт бууралттай гарав

Дэлхийн эрдэс түүхий эдийн эрэлтийн гол хэсгийг бүрдүүлэгч Хятадын улсын дөрөвдүгээр сарын худалдааны урьдчилсан үзүүлэлт гарч, өмнөх сарынхаасаа харьцангуй буурсан дүнтэй байлаа. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын хувьд эрдсийн худалдан авалтын үзүүлэлт нэлээд өсөлттэй гарсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны талаар өөдрөг мэдээллийг хөрөнгө оруулагчдын дунд түгээгээд байсан билээ. Харин дөрөвдүгээр сарын хувьд гуравдугаар сарын өсөлтөөс уруудсан бөгөөд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн импорт бүгд доошилж, кокс, гангийн экспорт нь ч мөн багасчээ. Энэ нь Хятадын эрдсийн эрэлтийн өсөлт удааширч буйг дахин нотолж байна.

Өнгөрсөн сард Хятадын төмрийн хүдрийн импорт 83.9 сая тоннд хүрсэн нь гуравдугаар сарын 85.8 сая тонны импортын дүнгээс багассан явдал боллоо. Гэсэн ч уг дүн нь өмнөх оны мөн үеийнхээс 1%-иар өссөн дүн юм. Нөгөөтэйгүүр, “MySteel-ийн мэдээлж буйгаар Хятадын дотоодын төмрийн хүдрийн уурхайнуудын нийт хүчин чадлын ашиглалтын үзүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард 63.7%-д хүрч, өмнөх сарынхтай харьцуулахад 3.1%-иар нэмэгдсэн нь дотоодын уурхайнуудын олборлолт эрчимжиж эхэлснийг харуулж байна.

Харин нүүрсний импорт өнгөрсөн сард 18.8 сая тоннд хүрсэн нь өмнөх гуравдугаар сарынхаас 1%-иар буурсан аж. Нүүрсний импорт буурахад нүүрсний станцуудын эрэлт суларсан нь нөлөөлсөн байж болох талтайг Macquarie банк тайлбарлажээ.

Түүнчлэн гангийн импорт дөрөвдүгээр сард өмнөх гуравдугаар сарынхаас 170 мянган тонноор буурч 1.1 сая тоннд хүрсэн бол гангийн экспорт мөн л буурч 9.08 сая тонн болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын гангийн экспорт 9.98 сая тонн байсан юм. Үүнээс гадна коксын экспорт өнгөрсөн дөрөвдүгээр сард гуравдугаар сарынхаас 36%-иар танагдаж 690 мянган тоннд хүрчээ.

Хятадын зэсийн импорт өнгөрсөн гуравдугаар сард 570 мянган тоннд хүрч өсч байсан нь дөрөвдүгээр сард 450 мянган тонн болж доошиллоо. Гэсэн ч уг дүн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5%-иар өсөлттэй дүн юм. Мөн зэсийн баяжмалын хувьд дөрөвдүгээр сард 1.26 сая тонн хүрсэн нь өмнөх гуравдугаар сарынхаас 8%-иар буурчээ.

Ийнхүү Хятадын металын түүхий эдийн импорт, экспортын аль аль нь буурсан дүр зураг өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистикаас харагдаж байна.



Б.Төгс